Г.Дөлгөөн: Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа

2021 оны 03 сарын 25

Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2021.03.24/ Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргаснаас гадна Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр энэ  оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-аас дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөсөн юм.

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Урт хугацаат репо санхүүжилт болоод Ажлын байрыг дэмжих зээлийн талаар дараах тайлбарыг өглөө.

“Репо санхүүжилтийн  анх гаргасан шинж чанар нь нэлээд өөрчлөгдсөн. Тэрдундаа өнөөдрийн хэрэгжиж байгаа энэ бүтээгдэхүүний тухайд банкууд руу санхүүжилтийг нь олгож  байгаа. Олгохдоо 6.5 хувь буюу Бодлогын хүүн дээр 0.5 пунктыг нэмээд, зөрүү 4 хувь дээр нь банкууд өөрсдийн үйл ажиллагааны зардлаа нэмж,  цаашаа зээлдэгчдэд очиж байгаа. Энэ бүтээгдэхүүний хүрээнд  3 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-үүдийг дэмжих чиглэлээр шалгууруудыг тавьж, олгож байгаа.

10 их наядын төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих  хөтөлбөр буюу 3 хувийн хүүтэй зээлийг мөн адил гаргаж өгсөн. Энэ бүтээгдэхүүний хүрээнд иргэнд 50 сая, аж ахуйн нэгжид 500 сая төгрөг гэсэн хувилбаруудаар зээл олгогдож байгаа. Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ХДК-ийн төлөөллүүдээс бүрддэг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаад тухайн үедээ шийдвэрээ гаргасан.

Зөвлөлөөс Хяналтын ажлын хэсэг гараад өдөр тутмын мэдээн дээр анализ хийж, төлөвлөгөөний хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж байгаа гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top