Б.Жавхлан: Зээлийн мэдээлэл хадгалагдах хугацааг 6 жилээс бууруулах нь ЭРСДЭЛТЭЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Монголын Залуучуудын Холбоо, ШӨХТГ-аас Монголбанкны Зээлийн мэдээллийн санд муу зээлийн сөрөг түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа хэвийн горимд шилжүүлж, боломж олгох ёстой гэж мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.  

“Зээлийн ангилал муу байлаа гээд зээл өгч болохгүй гэдэг зохицуулалт хаана ч байдаггүй. Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр буюу нэг хадгаламж эзэмшигчийн мөнгөөр нөгөө хүнд зээл өгч байгаа тул эрсдэлээ тооцож байгаа. Зээлийн ангилалын хувьд нэг удаа хөрвүүлэлт хийсэн ч гэсэн зээл олгох асуудалд арилжааны банк л эцсийн шийдвэр гаргана. Дахин хэлэхэд, зээлийн ангилалаас болоод зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, иргэдийн хооронд эрсдлийг тооцоолон гаргаж буй шийдвэр юм. 2020 онд Монголбанк, Засгийн газраас шийдвэр гарч зээлийн ангилал хийгдээгүй. Тэгэхээр 2020 онд муу зээлдэгч шинээр нэмэгдээгүй гэсэн үг. Эдийн засаг хэвийн, ковидгүй байсан үеийн мэдээллүүд дээр тулгуурлан арилжааны банкууд шийдвэрээ гаргаж байгаа. Харилцагчийн зээлийн мэдээлэл 6 жилийн хугацаанд хадгалагддаг нь хуулийн дагуух зохицуулалт. Өмнө нь 10 гаруй жил хадгалагддаг байсан зохицуулалтыг бид 6 жил болгож бууруулсан. Энэ хугацааг бууруулах тусам эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь арилжааны банкуудын үйл ажиллагаа тогтворгүй болж эхэлнэ гэсэн үг. Үр дүнд нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй. Олон улсын жишгээр 6 жил гэдэг харин ч бага талдаа. Эдийн засгийн нөлөө, хувь хүний санхүүгийн сахилга бат зэргээс шалтгаалаад муу зээлдэгч болчихсон байлаа гэхэд циклийн хувьд 6 жил гэдэг нь тухайн хүн эргээд сэргэх боломжтой хугацаа гэж тооцоолж хуульд заасан байдаг” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top