Татвар, НД-ын өртэй компаниуд зээлд хамрагдаж чадахгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Засгийн газраас эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч, ковидтой холбоотой хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, тогтворгүй байдалд орсон 25 мянга гаруй аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэж МҮХАҮТ үзэж байна.

Сүүлийн мэдээллээр Нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өр үүссэн бөгөөд 50 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдсэн юм.

“Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага” судалгаанаас үзэхэд, бизнес эрхлэгчид дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
  • Монгол банкан дахь буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн асуудал
  • Хилийн боомтуудын асуудал

 

Тодруулбал, татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

2020 онд ТЕГ-т  нийт 132 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн.  34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны аж ахуйн нэгж орлогогүй болсныг харуулж байна гэж судалгаанд дурджээ.
 


 

  • 2021 оны гуравдугаар  сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж /160 мянган даатгуулагч/, Нийгмийн даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байгааг судалгаа харуулж байна.
     

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.189.218) 2021 оны 04 сарын 30

зүгээр л зээл нэртэй өгөөш

0  |  0
Top