10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгож буй Ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгийн зээл олголтын талаарх сүүлийн үеийн мэдээллийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өгч байна. Тэрбээр “Манай улс зах зээлд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүддээ жилийн 3 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан олгосон анхны тохиолдол болж байна. Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан бага хүүтэй зээлийн онцлог нь хүүгийн хөнгөлөлтийг нь төрөөс төсвийн дэмжлэгээр арилжааны банкуудад олгож байгаа. Харин банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нь нэмэгдүүлж байгаа юм. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн идэвхгүй байгаа эдийн засагт ажлын байрыг хамгаалах бага хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээлийн сувгийг тэлж нээснээр идэвхжлийг эрс нэмэгдүүлж өгч байгаа. Жилийн 3 хувийн хүүтэй зээл бол ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүндээ үнэхээр нүдээ олсон том дэмжлэг болно. Одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлд 589.2 тэрбум төгрөгийн санхүүжилт, 8,491 зээлдэгчид гарсан байна. Ингэснээрээ 22,389 ажлын байрыг хадгалж чадаж байна гэж харж байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 0 )