Охидын сургуульд бөмбөг дэлбэрч, олон арван охид амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10


Афганистаны нийслэл Кабул хотын охидын сургуульд бөмбөг дэлбэрсний улмаас нас барсан хүний тоо 85 болж өслөө гэж Афганистаны шадар дэд ерөнхийлөгч CNN агентлагт өнөөдөр (2021.05.10) мэдээллээ. 

Хөрш зэргэлдээх Даште Варчин сууринд гарсан халдлагын улмаас 147 хүн шархадсан байна.

Өнгөрсөн бямба гарагт Кабулын Саид аль Шухада охидын сургуулийн өмнө бөмбөгтэй машин дэлбэрч, сурагчид сандран гүйх үеэр дахин хоёр бөмбөг дэлбэрсэн байна. Эл дүүрэгт Хазара үндэстний цөөнхийн шиит шашны урсгалынхан төвлөрч амьдардаг аж. Шиитүүд “Исламын улс” сүнит шашны урсгалтай алан хядагчдын бүлэглэлийн бай болсоор иржээ.

Одоогийн байдлаар эл халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй байна. Талибанчууд эл халдлагыг ард байсан гэх хардлагыг үгүйсгэжээ.

Албан ёсны мэдээллээр, амиа алдагсдын ихэнх нь сургуулийн сурагч охид аж. Ням гарагт сураггүй алга бологсдын эрэл хайгуул үргэлжилжээ. Эхний бөмбөг хүүхдүүдтэй маш ойрхон дэлбэрсэн тул зарим нь өнөөг хүртэл олдоогүй байна гэж албан эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани халдлагад талибуудыг буруутгасан ч талибуудын хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэжээ.

Халдлагын дараа Кабул хот даяар хамгаалалтыг чангатгасан хэдий ч эрх баригчид хууль хүчнийхэн бүх сургууль, сүм хийд болон олон нийтийн газруудыг бүрэн хамгаалж чадахгүй гэж мэдэгджээ.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top