Осол гарсан Фүкүшима-1 атомын цахилгаан станцыг эзэмшдэг эрчим хүчний “Tokyo Electric Power” корпорац цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайн ёроолд тавьсан хоолойгоор дамжуулан хаях төлөвлөгөөг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл АЦС-т хуримтлагдаад буй цэвэршүүлсэн усыг эргээс нэг км-ийн зайд хаях юм байна.
Үүнтэй зэрэгцэн усыг Хоншю арлын зүүн хойд эрэг дээр байрладаг атомын цахилгаан станцын дэргэд хаях хувилбарыг мөн судалж байгаа гэнэ. Далайд хоолой татахын тулд туршилтын өрөмдлөгийн ажил хийх бөгөөд үүний тулд эрх баригчид болон орон нутгийн загасчдын зөвшөөрөл шаардагдах гэнэ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд Японы Засгийн газар Фүкүшима-1 АЦС-ын усны ихэнх хэсгийг далайд хаях албан ёсны зөвшөөрөл олгосон. Цацраг идэвхт бодисоос цэвэрлэгдсэн гэх усанд цацраг идэвхт устөрөгчийн изотоп болох трити агуулагдсан хэвээр байгаа гэнэ.
Эл усыг далайд хаяхад бэлтгэх үйл явц хоёр жил үргэлжлэх гэнэ. Тритийн агууламжийг Олон улсын цацрагаас хамгаалах комисс болон Японы Засгийн газраас тогтоосон аюулгүйн хэмжээний дөчний нэг хүртэл бууруулах гэнэ. Одоогийн байдлаар АЦС-ын нутаг дэвсгэрт 1.25 сая тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдаад байна. Эл усыг гучин жилийн турш үе шаттайгаар далайд хаяхаар төлөвлөж байна. Олон улсын атомын энергийн агентлаг энэ үйл явцыг байнга ажиглана гэж мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )