“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвх бүхий нэг сая гаруй куб.метр цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгахаар болжээ. Энэ талаар Японы Засгийн газраас мэдээлсэн байна.
Гэвч энэ шийдвэр нь хэд хэдэн оронд болгоомжлол үүсгэжээ. Иймээс МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлаг олон улсын шинжээчдээ Япон руу илгээхээр судалж эхэлсэн байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас “Бид Японы Засгийн газартай хамт хариуцлага хүлээнэ. Шинжээчдийн багийг хэд хэдэн улс орноос бүрдүүлнэ. Сэтгэл түгшээсэн тохиолдол бүрийг хэлэлцэх шаардлагатай. Ингэснээр техникийн үүднээс ч дүн шинжилгээ хийх боломж гарна” гэж мэдэгдэв. Шинжээчдийн багийг Япон улсын хөрш орнуудаас гишүүн элсүүлж бүрдүүлэх талаар яригдаж байгаа аж.
2011 онд хүчтэй газар хөдлөлт болон цунамигийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын усыг далайд асгах бэлтгэл ажил хоёр жил орчим үргэлжлэх юм. Энэ хугацаанд нэмэлт тоног төхөөрөмжийг бэлтгэж, шалгах зэрэг ажил өрнөнө. Харин цэвэршүүлсэн усыг хэдэн арван жилийн турш хатуу хяналт дор далайд асгах аж.
“Фүкүшима 1” атомын цахилгаан станцын нөөцлүүр савнуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ.
Хятад болон БНСУ дээрх ажлыг далайн орчин болон хөрш орнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж эрс эсэргүүцэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )