Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын хаягдал усыг далайд хаях хөтөлбөрийн аюулгүй байдлыг шалгах зорилгоор ирэх долоо хоногт Японд ажиллана гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Энэ сарын 14-18-ны хооронд ОУАЭА-ийн шинжээчид Японы хөрш орнууд болон орон нутгийн загасчдын хоршоодын дургүйцлээ илэрхийлээд буй атомын цахилгааны станцын хаягдал усыг далайд хаях төлөвлөгөө аюулгүй эсэхийг шалгах гэнэ. Шинжээчдийн баг 2021 оны арванхоёрдугаар сард Японд айлчлах ёстой байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулжээ.
2021 оны арванхоёрдугаар сард Японы эрчим хүчний “Tokyo Electric Power” компани энэхүү хөтөлбөрийн хүрээнд холбогдох барилгын ажлыг эхлүүлээд байна.
Японы Засгийн газар асар хүчтэй газар хөдлөлт, цүнамигийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн гэгдэж буй их хэмжээний усыг далайд хаях зөвшөөрөл олгосон билээ. Усыг цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн ч устөрөгчийн изотоп болох тритий агуулагдаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар АЦС-ын нутаг дэвсгэрт 1.25 сая тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдаад байна. Усыг 2023 оны хавраас эхлэн 30 жилийн турш далайд асгахаар төлөвлөж байна. Энэ үйл явцыг ОУАЭА байнгын үндсэн дээр хянах аж.
Сэтгэгдэл ( 0 )