Японы Мияги мужийн нийслэл Сэндай хотын дээд шатны шүүх өнөөдөр /2020.09.30/ 2011 оны гуравдугаар сард “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр гарсан ослын хариуцлагыг төр болон Японы хамгийн том цахилгаан эрчим хүчний “Tokyo Electric Power (TEPCO)” компани хүлээх ёстой гэж үзжээ.
NHK сувгийн мэдээлснээр, шүүхийн тогтоолд нэхэмжлэл гаргасан Фүкүшима мужийн 3.5 мянган оршин суугчид нийт нэг тэрбум иен буюу 9.4 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тухай заажээ.
Японы Засгийн болон тус АЦС-ыг ажиллуулдаг “TEPCO” компани асар хүчтэй цүнамигаас хамгаалах арга хэмжээг гамшиг болохоос өмнө авах боломжтой байсан гэж шүүхийн тогтоолд онцолжээ.
Үүнээс өмнө Фүкүшима атомын цахилгаан станцын осолтой холбоотой хэргийг 2017 онд Фүкүшимагийн тойргийн шүүх анх хэлэлцэж байсан бөгөөд тус шүүх мөн л төр, “TEPCO” компани хоёр хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байжээ. Тухайн үед тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ хоёр дахин бага байсан байна.
2011 оны гуравдугаар сард болсон асар хүчтэй цүнамид “Фүкүшима-1” АЦС-ын эрчим хүч хангамжийн болон хөргөлтийн систем ашиглалтаас гарсны улмаас гурван реакторт цөмийн түлш хайлж, дэлбэрэлт гарч, агар мандалд цацраг цацагдсан билээ. Үүний улмаас ойр орчмын нутаг цацрагаар бохирдож, олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Өдгөө тус атомын цахилгаан станц дээр цацрагийн бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд станцыг бүрэн буулгахад 40 гаруй жил шаардагдах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )