Цацраг идэвхт усыг далайд хаях нь асуудалгүй гэж үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Японы Засгийн газар Фүкүшима-1 атомын цахилгаан станцаас гарах бага түвшний цацраг идэвхт усыг далайд хаях нь хүн болон далайн амьтны аюулгүй байдалд ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэж үзэж байна.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, энэ тухай илтгэлийг тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам шинжээчдийн тусгай зөвлөлд даваа гарагт танилцуулжээ.

Фүкүшима-1 атомын цахилгаан станцын ашиглалтаас гарсан цөмийн реакторуудыг тогтмол хөргөх зорилгоор усыг ашиглаж байна. Ашигласан усыг цистернүүдэд хадгалж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй тонн бага түвшний цацраг идэвхт ус хуримтлагдсан ба энэ хэмжээ байнга өссөөр байгаа аж.

Цэвэрлэж шүүсэн усанд бага хэмжээний харьцангуй аюулгүй хэт хүнд устөрөгч болон цацраг идэвхт бусад изотоп байсаар байна. Ийм усыг далайд асгаснаар ус хаях цэгт цацраг идэвхжилийн жилийн түвшин 0.62 микрозиверт, агаар мандалд 1.3 микрозиверт байна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Тэдний үзэж буйгаар энгийн нөхцөлд хүн жилд 2100 микрозиверт түвшний цацраг идэвхт туяаг авдаг байна.

Фүкүшима атомын цахилгаан станцын бүсэд байрлаж буй цистернүүд 2021 оны зун гэхэд бүгд дүүрэх гэнэ. Японы эрх баригчид энэ хугацааны дараа бага түвшний цацраг идэвхт усыг далайд асгахыг санал болгож байгаа бөгөөд үүнийг Японы сөрөг хүчний намууд болон Өмнөд Солонгос эсэргүүцэж байгаа юм.

2011 оны гуравдугаар сард асар хүчтэй цунамигийн уршгаар Фукүшима-1 атомын цахилгаан станц дээр осол гарч, эрчим хүчний хангамжийн болон хөргөлтийн системийг ашиглалтаас гаргасан. Үүний улмаас эрчим хүчний гурван блок дахь реакторуудад цөмийн түлш хайлж, хамгаалагч давхаргыг нэвт цоолжээ. Улмаар устөрөгчийн дэлбэрэлт үүсэж, дөрөв дэх эрчим хүчний блокийг ашиглалтаас гаргажээ. Үүний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис агаарт цацагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top