“Фүкүшима-1” АЦС-ын усыг далайд хаях бэлтгэлийг сайшаажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Олон улсын атомын энергийн агентлаг осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далайд хаях бэлтгэлийн эерэгээр үнэлсэн тухай Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиүда мэдэгджээ.

ОУАЭА АЦС-ын усыг далайд хаях төхөөрөмжийг боловсруулахдаа олон улсын аюулгүй байдлын стандартыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор авсан гэж дүгнэжээ. Түүнчлэн, станцын усны цацрагийн нөлөөлөл Японы Цөмийн зохицуулах газраас тогтоосон хэмжээнээс бага гэж тогтоожээ.

Японы эрчим хүчний “Tokyo Electric Power” корпорацын төлөвлөгөө ёсоор “Фүкүшима-1” АЦС-ын цацрагаас цэвэршүүлсэн усыг далайн ёроол дор татсан сувгаар 30 жилийн турш  бага хэмжээгээр эргээс нэг км зайд далайд хаяхаар төлөвлөж байна. Энэ ажиллагааг 2023 оны хавар эхлэхээр ажиллаж байна. Ингэхдээ ОУАЭА энэ үйл явцыг байнга хянах юм.

“Фүкүшима-1” АЦС-ын бүсэд өдгөө 1.25 сая тонн бохирдсон ус хуримтлагдаад байна. Хэдийгээр эл усыг цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн гэж байгаа ч усанд устөрөгчийн цацраг идэвхт изотоп болох трити агуулагдаж байгаа аж. “Tokyo Electric Power” корпорац 2021 оны арванхоёрдугаар сарын 10-нд усыг далайд хаях бэлтгэл ажлын хүрээнд газар доор 10 м гүн резервуар барих ажилд ороод байна. Үүнд усыг далайд хаяхаас өмнө тритийн агууламжийг хэмжих юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top