“Нисээч Интернэшнл” ХХК цар тахлын хүнд үед татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн компаниар тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Цар тахлын эрсдэл, хязгаарлалтын арга хэмжээ давамгайлсан 2020 онд Монгол Улсын татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн шилдэг 20 татвар төлөгч аж ахуйн нэгжийг Татварын албанаас албан ёсоор зарлаад байна.

Улсын төсвийн орлого татарч, хувийн хэвшлийнхэн амаргүй нөхцөл байдалд байсан өнгөрсөн онд татварын хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажилласан шилдэг аж ахуйн нэгж бол “Нисээч Интернэшнл” ХХК юм.

“Нисээч Интернэшнл” ХХК нь Монгол Улсын эдийн засагт гол нөлөөтэй салбарууд болох уул уурхай, зам, барилгын салбарын хүнд машин механизм, тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг 2003 оноос хойш 18 дахь жилдээ улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд  хувь нэмрээ оруулсаар өнөөдрийг хүрч байгааг тодотгоё.

Тус компани 2020 онд 588,135,772.54 төгрөгийн татвар төлж, үүргээ хариуцлагатайгаар биелүүлж,  цар тахлын үед Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас эхлээд 2021 оны тавдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд таван удаа хөл хорио тогтоосон. Олон удаагийн хөл хорионд үйл ажиллагаа явуулахад хувийн хэвшлийнхэнд амаргүй байсан нь ойлгомжтой.

Түүнчлэн “Нисээч Интернэшнл” ХХК-ийн хувьд ковидын үед үйл ажиллагаандаа ямар өөрчлөлтүүдийг хийж байна вэ? гэдгийг тодруулахад дараах хариултыг өглөө.

“Ковид гарсантай холбоотой манай үйл ажиллагаанд гарсан давуу тал гэвэл цахимаар ажлаа хийж эхэлсэн. Хүндрэлтэй асуудал гэвэл харилцагчдын нэн шаардлагатай сэлбэг хэрэгсэл татан авах , нийлүүлэхэд хүндрэл үүсч байсан” гэсэн юм.

Тус компани 2019 онд 823,437,368.67 төгрөгийн татвар төлж байсан. 2020 онд төлсөн татварын хэмжээ нь өмнөх оныхоос буурсан нь цар тахлын нөлөөтэй холбоотой. Тодотгоход,  “Нисээч Интернэшнл” ХХК 2011 онд Монгол Улсдаа 1.44 тэрбум төгрөгийн татвар төлж, ТОП татвар төлөгчөөр шалгарч байсан юм.

Ковидын эрсдэл өнөө маргаашдаа арилахгүй, энэ оны туршид ч бизнесүүдэд сүүдрээ тусгасаар байх төлөвтэй байгаа. Тиймээс “Нисээч Интернэшнл” ХХК эрсдэлийн менежмэнт, төлөвлөлт дээрээ ямар арга тактиктай байгаа талаар, мөн төрөөс уг салбарт ямар дэмжлэг үзүүлбэл хэрэгтэй байгаа талаар тодуулахад:

Манай компани цар тахлын  хүнд  цаг үед  ажлын байраа хадгалах мөн  ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалан нийт ажилчдаа вакцинжуулалтад хамруулан халдвар хамгаалалтын дэглэмээ барин үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын Онцгой комисс болон Засгийн Газарт  Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлэгч Уул уурхайн олборлогч компаниудын ханган  нийлүүлэгч албан байгууллагуудын  үйл ажиллагааг хөл хориотой үед зогсоолгүйгээр  ажиллуулах дэмжлэг л хүсэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dawaa(202.126.89.248) 2021 оны 05 сарын 13

Илүү их амжилт хүсье. \n

1  |  0
Top