ИРГЭД, ААН: 3%-ийн хүүтэй зээлийн нөхцөл ХАТУУ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

“Ковидын нөхцөл байдал  энэ оны ес, аравдугаар сар хүртэл хамгийн хүнд байх төлөвтэй. Түүнээс цааш дэлхий нийтээрээ вакцинжуулалтад хамрагдаж, улмаар дэлхий даяараа эдийн засгийн цоо шинэ эрин үе, эдийн засгийн их сэргэлтийг хийх тухай ярьж байгаа. Манай улс үүнээс өмнө эдийн засгаа бодитойгоор дэмжихгүй бол цаг алдаад байна” гэсэн байр суурийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий  жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлд 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлснээс  648.7 тэрбум төгрөгийг 9,400 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.  366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн. Нийт хүсэлтийн 81.7% судалгааны түвшинд буюу хүлээгдэж буй.  

МҮХАҮТ-ын дэргэдэх  Олон нийтийн хяналтын зөвлөлөөс  3 хувийн хүүтэй зээл бодит секторт хүртээмжтэй байна уу гэдгийг тодруулах үүднээс асуумж явуулахад, 51 хувь нь зээлийн нөхцөл маш хатуу байна гэсэн хариултыг өгчээ.  2020 онд бүхэлдээ үйл ажиллагаа нь дампуурчихсан, өр төлбөрт орчихсон байдалтай байгаа учраас  уг зээлийг авах шалгуурт тэнцэхгүй байна гэж тайлбарласан байна. 32 хувь нь барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй байна гэжээ.
 

Танхимаас Зээлийн батлан даалтын сангийн зүгээс зээлдэгчдэд олгож буй дэмжлэг хангалтгүй байна гэсэн шүүмжийг хэлж байгаа юм.

Тэгвэл Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэлэхдээ “Батлан даалтын сан банкнаас ирүүлж байгаа хүсэлтэд тулгуурлаж батлан даалт гаргадаг. Банк яагаад зээл судлахаас татгалзаж байна. Яагаад батлан даалтын санд хүсэлт ирэхгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт, таны барьцаа хөрөнгө хангалттай байвал банк тэндээ өөрийнхөө эх үүсвэрээр шийдэж байгаа. Хоёрдугаарт,  таны тухайн жилийн орлого болон банкны зүгээс тавьж буй шалгуур үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд манай батлан даалтын санд ирэлгүйгээр таны зээл буцаагдаж байгаа. Зээлдэгчид зээлийн хэрэгцээ шаардлага, эргэн төлөх чадвараа маш сайн тооцоолж, зээл авах ёстой. Энэ удаагийн зээл түрээс, цалин болон эргэлтийн хөрөнгийг татахад зориулсан санхүүжилт хийгдэж байгаа. ААН-ээс тоног төхөөрөмж, машин, байр  худалдаж авах гэсэн юмаа гэсэн хүсэлтүүд маш их ирж байна. Эдгээр зүйл боломжгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.146) 2021 оны 05 сарын 17

Банкны шаардлага биелүүлэхгүй бол та зээлэх хэрэггүй учир нь төлөх боломж муутай гэсэн үг

0  |  0
Top