Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэдгийг дурдав.
Харин Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн гэрээг байгуулжээ.
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээр нэгд, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; хоёрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.
Иймээс "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.
Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээл авч хүүхдийн мөнгө олгох, зээл авч төсвийн алдагдлыг нөхөх нь төдийлөн оновчтой бус, харин үүний оронд ажлын байр бий болгох, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад гаднын зээл, тусламжийг чиглүүлэх нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Сангийн сайд Б.Жавхлан Байнгын хорооны даргатай санал нэгтэй буйгаа илэрхийлээд өнөөгийн онцгой нөхцөл байдлын үед зайлшгүй шаардлагын үүднээс цар тахлын хүндрэлийг даван туулах зорилгоор ийм гэрээ байгуулаад байгаа. Нэмэлт, өөрчлөлтийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төсвийн дэмжлэг авч хүүхдийн мөнгө болон цар тахлын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар зорилтот хэсэгт хүрэх дэмжлэг, дархлаажуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм. Цаашид гаднаас зээл, тусламж нэмж авахгүй байх, авсан зээл, тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өрийн менежментийг оновчтой болгоход Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлов.
Хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор сснал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 2 )
Zeeliig halamjind vrdegee bolih heregtei...Vvniihee orond ail urh bvriin hudulmur erhlelt, orlogo am bvliin sudalgaag shinechilj hiigeechee...Endees ih yum garna shv..Horoo,hesgiin ahlagch nar Tanidag meddeh ah dvvsee halamj, hvnsnii talon ntr t hamruulaad yduusiin toog zohiomoloor usguj bn..Sn shalga dusliig huraawal dalai gdg dee..Vrgvi zardliig dusliig ch gargahgvi nygtal
Zeel avaal avaal ymar vr dvn bhgv ymnii vne n tengert xadsan ymar zorilgo bnaa er n