Олон улсын рейтингийн “Фитч” агентлаг 2021 ОНЫ хоёрдугаар сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг цаашид буурах эрсдэлтэйг, ирэх жилүүдэд төлөх өрийн хэмжээ өндөр байгааг анхааруулж байсан.
Тэгвэл тус агентлагаас энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарласан юм. “Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5%-д хүрч сэргэнэ гэсэн төсөөлөлтэй байна.
2020 онд эдийн засгийн уналт -5.4% байсан бол 2021 оны нэгдүгээр улирлын байдлаарх эдийн засгийн жилийн өсөлт нь уул уурхайн салбарын гүйцэтгэлээс шалтгаалан 15.5% болсон. Ковидын тохиолдлоос шалтгаалан дөрөв болон тавдугаар сард БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг хилийн боомт хаагдсан ч эрх бүхий байгууллагуудаас хил орчмын нутагт вакцинжуулалт, шинжилгээний арга хэмжээг сайжруулж байгаад үндэслэн энэхүү хил хаагдсан байдал нь түр зуурын тохиолдол гэж тус агентлаг үзжээ.
“Фитч”-ийн хүлээлтээр Монгол Улсын вакцинжуулалт, хөл хориог үе шаттайгаар сулруулж байгаа байдал, өрх болон бизнесийн байгууллагуудад зориулсан санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнүүд зэргээс шалтгаалан дотоодын бизнесийн үйл ажиллагаа ирэх улирлуудад идэвхжиж эхэлнэ. Вакцинжуулалтыг нийт зорилтот хүн амд зургаадугаар сарын эцэс гэхэд бүрэн хамруулж дуусгахаар төлөвлөсөн нь 2021 оны сүүлийн хагас жилийн үйлчилгээ болон уул уурхайн бус салбарын бизнесийн үйл ажиллагааг эргэн сэргэхэд дэмжлэг болно үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )