Далайд хуримтлагдсан эрчим хүчээр 1.3 тэрбум данх ус буцалгах боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Зургаадугаар сарын 8-ны өдөр дэлхий даяар Дэлхийн далайн өдрийг тэмдэглэдэг. Хүн төрөлхтөн, далайн хүйн холбоо, бидний амьдрал дахь далайн үүрэг оролцоо болон далайг хамгаалахад хүний үйл ажиллагаа ямар чухал болохыг онцлох зорилгоор энэ өдрийг тэмдэглэх санааг анх 1992 онд Рио де Жанейро хотод болсон “Дэлхий гараг” дээд хэмжээний уулзалтын үеэр гарчээ. Улмаар 2008 оны арванхоёрдугаар сарын 5-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей зургаадугаар сарын 8-ныг Дэлхийн далай өдөр болгон зарлажээ.

Энэ жил Дэлхийн далайн өдрийг “Далай: Амьдрал ба амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна.

Далай Дэлхийн гадаргуун дөрөвний гурвыг эзэлж, Дэлхийн усны нөөцийн 97 хувийг агуулж, манай гарагийн нийт талбайн 99 хувийг бүрдүүлдэг. Далай тэнгисийн биологийн олон төрөл зүйлээс гурван тэрбум хүний амьдрал шалтгаалдаг байна. Далай нь дэлхий дэх уургийн хамгийн том эх үүсвэр. 2.6 тэрбум гаруй хүн уургийн хэрэгцээгээ далайгаас бүрэн авдаг байна.

Далай нь мөн дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Далайн нөөц баялаг, энэ салбартай холбоотой аж үйлдвэрийн зах зээлийн өртөг дэлхийн хэмжээнд гурван их наяд ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн ДНБ-ий таван хувийг эзэлдэг.

Далай, тэнгисийн загасны нөөц шууд болон шууд бусаар 200 сая хүнийг ажлын байраар хангадаг байна.

Одоогоор далайд 200 мянган амьтны төрөл зүйлийг олж нээгээд байгаа ба бодит тоо хэдэн саяд хүрнэ.

Хүний үйл ажиллагаанаас далайн 40 хувь бохирдол, загасны нөөц шавхагдах, эрэг орчмын амьдрах орчин хумигдах зэргээр өртөөд байна. Олон улсын “Greenpeace” байгууллагын үнэлгээгээр, жил бүр далайд 4.8-12.7 сая тонн хуванцар хаягдаж байна. Шинжээчдийн тооцоолсноор, 2050 он гэхэд далай дахь хуванцар хог хаягдлын нийт жин далайд амьдардаг загас, амьтны нийт жинг давах гэнэ.

Энэ зууны сүүл гэхэд дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин 1.2-1.8 метрээр нэмэгдэх тооцоо бий.

Дулаан болон нүүрстөрөгчийн хадгалж, дахин хуваарилах чадварын ачаар далай уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Хүн төрөлхтний ялгаруулж буй нүүрсхүчлийн хийн 30 орчим хувийг далай шингээж, дэлхийн дулаарлын үр дагаврыг саармагжуулахад асар их хувь нэмэр оруулдаг.

Далайн дээд давхаргад хуримтлагдсан дулаан эрчим хүчийг судлаачид тооцоолоход далайн дээд давхаргын ус 2019 онтой харьцуулахад 20 зетажоул дулааныг шингээжээ. Ийм их дулаанаар 1.5 литр багтаамж бүхий 1.3 тэрбум данх усыг буцалгах боломжтой гэнэ.  

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top