Сангийн сайд Б.Жавхлан төсвийн шинэчлэлтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Бид байгаа оноогүй олон халамжийн бодлогоос татгалзаж, бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ рүү явна.
Энэ жилийн хувьд бодлогын шинэчлэлийг Ковидын хүнд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулж хийнэ. Цаашид Ковидын үеийн халамжийн бодлого зогсох үед огцом ШОК өгөх нийгмийн тодорхой хэсгүүдээ орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлагатай, зорилтот бүлэг рүүгээ ЗАРИМ халамжийн бодлогуудыг үргэлжлүүлэх ёстой” гэв.
Тэрбээр энэ сарын 11-ний өдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Төсвийн тодотгол гэдэг нь хүссэн үедээ хийдэг, үзэмжээрээ шийддэг асуудал биш ээ. Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригддаг. Одоо бол төсвийн жилийн хувьд дөнгөж хагас жил дуусах гэж байна. Ямар ч байсан хагас жилээ дуусгаадхая. Ингээд төсвийн хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал бий болох нь уу. Тэрний дараа шийдэх асуудал. Одоогоор төсвийн тодотгол хийх төсөв, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ аль болох төсвийн тодотгол хийхгүйгээр тухайн төсвийн жилдээ төлөвлөсөн төсвийн хуулийнхаа зорилтынхоо хүрээнд ажиллахыг хичээнэ ээ” гэж байсан юм.
Тодотгоход, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулсан.
Ажлын байрыг дэмжих зээл олголт энэ сарын 14-ний өдрийн байдлаар 65,7 хувь, репо санхүүжилтийн зээл олголт 24,9 хувь, орон сууцны ипотекийн зээл олголт 2021 онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна. Мөн 15784 зээлдэгчдэд хөдөө аж ахуйг дэмжсэн 207,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж байна.
Энэ сарын 14-ний байдлаар нийт 6,060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,313.8 тэрбум төгрөгийг нийт 17785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Сэтгэгдэл ( 0 )