Маргааш /2021.06.23/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ гаргана.
Сануулахад, Мөнгөний бодлогын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор: Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан юм.
Цаашид, ковидоос шалтгаалсан нийгэм, эдийн засагт хямралт байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал биднийг сорьж байна.
Тэгвэл Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Хямралын шалтгаан нь эдийн засаг биш вирус, вирусын тархалт. Энэнтэйгээ л тэмцэж хямралаа давна. Тэхээр ЭМЯ л хямралаас гаргана. Мөнгө, санхүүгийн зохицуулалт бол дэмжих хоёрдогч үүрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
Ер нь эдийн засгийн аливаа хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь төсөв болон мөнгөний бодлогын зохицуулалтууд биш болохыг 2020 оны эхний хагасаас хойш ярьж буй юм. Дэлхийн улс орнууд энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цар тахлыг харьцангуй эрсдэл багатай даван туулахад чиглэсэн, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан арга хэмжээнүүдийг цагаа олж авах хэрэгтэйг ОУВС онцолсон.
Цагаа олсон, үр дүнтэй бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эдийн засагт урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэж судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )