Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хэрэв уг албанд томилогдвол хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар УИХ-ын нээлттэй сонсголд товч танилцуулга хийлээ.
Тэрбээр “АТГ-ын дэд даргаар томилогдвол Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажиллана. Үүнд,
Нэгдүгээрт, авлигагүй орчинг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулах, төрөөс олгож буй аливаа зөвшөөрлийг олгоход хүний оролцоог аль болох багасгах, шаардлагатай бол мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад зөвшөөрөл олгох эрх шилжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллана.
Хоёрдугаарт, хүний нөөцийг чадавхжуулахад анхаарна. Ялангуяа санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг олон улсын стандарт нийцүүлэх чиглэлд тодорхой ажил хийнэ.
Гуравдугаарт, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн түгээлтээ сайжруулна.
Дөрөвдүгээрт, хууль, эрх зүйн орчинг сайжруулахад анхаарна. Авлигын талаар мэдээлж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллана” гэлээ.
Томилгооны сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн. Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан, Ё.Баатарбилэг, “Жин И Жао “ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболд, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежер Т.Амарзаяа, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл нар нэр дэвшигчид хандан үг хэллээ.
УИХ-ын гишүүд болон оролцогчдын зүгээс Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгааныг арилгах чиглэлээр хэрхэн ажиллах талаар асууж тодрууллаа.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хариултдаа, “Авлига зөвхөн нэг зүйлээс шалтгаалаагүй. Соён гэгээрүүлэх ажлаа төгс хэмжээнд явуулж чадахгүй байна. Авлигыг үл тэвчих үзлийг барууны оронд хүүхэд наснаас нь ойлгуулдаг. АТГ-ын үйл ажиллагааг мэдээж сайн гэхгүй. Нөгөөтээгүүр муу гэж дүгнэх хэцүү. Бид эцсийн өмчлөгч буюу Шилэн дансны хуультай болсонтой холбоотойгоор иргэд төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хардаг болсон давуу тал бий. Цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллах болно. Олон улсын "Эмнести Интернэйшнл" болон "Трансперенси Интернэйшнл" байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр манайх 2020 онд 111-р байрт байна. Энэ нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байхгүй, сонгон шалгаруулалт ил тод биш байдагтай холбоотой. Манай улсын авлигын индексийн үзүүлэлт 2012 онд 36 хувь, 2013 онд 38 хувь, 2014 онд 39 хувь, 2015 онд 39 хувь, 2016 онд 38 хувь, 2017 онд 36 хувь, 2018 онд 37 хувь, 2019 онд 35 хувь, 2020 онд 35 хувь байсан. Манай улсад авлига буурахгүй байгаа шалтгаан нь тогтолцоо, орчин нөхцөл байна. Ил тод байдал хангалтгүй байгаа. Төрийн үйлчилгээг цахим технологид суурилж шинэчлэх, зөвшөөрлийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай” гэдгийг тэмдэглэлээ.
Мөн оффшор бүсэд байгаа хөрөнгө болон үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг бууруулах талаарх асуултад, “Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн хэргийг шалгаж байна. Тухайн хөрөнгө нь өөр хүний нэр дээр байдаг нь асуудал үүсгэдэг. Үүнийг олон улсад "Ашиг хүртэгч", “Төлөөний этгээд” гэж тодорхойлж, хэрэгт татдаг. Энэ жишгийг нэвтрүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын ерөнхий газартай хамтран үндэслэлгүй хөрөнгөжих хэргийг эрчимтэй хөөцөлдөж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар 43 мянга орчим нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг. Гадаадад оффшорт байсан хөрөнгийг шилжүүлсэн хэд хэдэн ажлыг хийсэн. Цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана. Оффшор бүсэд байгаа бүх мөнгийг хууль бус аргаар олсон гэж үзэх нь өрөөсгөл. Харин тухайн мөнгийг хууль бус эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүд шийдэгдэхэд хүндрэлтэй байдаг. Шүүхээс тухайн хүний энэ орлогыг яг хаанаас олсныг тогтоо гэдэг байдлаар шийдэгддэг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар 2013 онд нэг, 2014 онд хоёр, 2015 онд 7, 2016 онд 4, 2017 онд 30, 2018 онд 25, 2019 онд 40, 2020 онд 41 хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Дураар аашлах зүйл заалтаар 2017 онд 1, 2019 онд 2, 2020 онд 3 хэрэг шийдэгдсэн” гэж хариулав.
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс АТГ-ын дэд даргад нэр дэвшигчээс нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг шинэчилж, орлогын эх үүсвэрийг илүү тодорхой болгоход анхаарах, сургууль цэцэрлэгүүд “хандивын анги” нэрээр авлига авч буй байдлыг зогсоох, уул уурхайн салбарт хяналт шалгалтаа сайжруулах, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоход манлайлж ажиллах шаардлагатайг хэллээ.
Томилгооны сонсголын төгсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг шинэлэг хэлбэрээр хэрэгжүүлж, авлига албан тушаалын гэмт хэргийг бууруулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ, Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэйг хэлээд УИХ-ын гишүүд, томилгооны сонсголд оролцогчдын саналуудыг анхаарч ажиллахыг сануулав.
Тодотгоход, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан агсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн билээ.
Түүнчлэн өнгөрсөн долоон сарын хугацаанд тус газрын дараагийн дэд даргаар ирэх магадлалтай гэгдэх хэд хэдэн хүний нэрс хэвлэлүүдээр гарч байв. Тухайлбал, комиссар Х.Буянтүмэн, хурандаа Б.Оюутболд, Д.Жаргалмөнх, Б.Энхсүх нарын эрхмүүдийн нэрс тодорч байсан.
Тэгвэл өчигдөр (2021.07.06) УИХ-ын нээлттэй сонсголоор АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргалын асуудлыг хэлэлцлээ.
Энэ нь хууль хяналтын байгууллагын удирдлагыг нээлттэй сонсголоор хэлэлцүүлсэн анхны тохиолдол болохыг АТГ-аас тодотгож байна.
Г.Азжаргал нь 37 настай, Холбооны Мөрдөх товчооны үндэсний академи төгссөн гурван төгсөгчийн нэг аж. Гадаад түвшний өндөр боловсролтой, мэргэжлийн дөрвөн удаагийн аварга, зохион байгуулалттай үйлдэгддэг "Алтны", МИАТ-ийн зэрэг томоохон хэргүүдийг илрүүлсэн, АТГ-т тав дахь жилдээ ажиллаж байгаа.
Хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлээр манлайлан оролцдог, шилдэг мөрдөгчдийн нэг. Авлигатай тэмцэх, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үндэсний болон олон улсын түвшинд явуулахад хангалттай мэдлэг, чадвар, арга техник эзэмшсэн туршлагатай комиссар гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )