ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Өнөөдөр 2021.07.08. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 32 хэм, шөнөдөө 16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Агаарын довтолгооноос хамгаалах хүчний өдөр бол Замбид Эв нэгдлийн өдөр, ОХУ-д Гэр бүл, хайр дурлалын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кевин Бейкон, жүжигчин Майло Вентимилья, рок дуучин Жоан Осборн, Канадын жүжигчин Кэтлин Робертсон, Өмнөд Солонгосын хөл бөмбөгч Сон Хёнг-Мин, Английн хөгжимчин Энди Флетчер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948 оны энэ өдөр Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн харгайтын чиглэлээр гоминданы цэргүүд хил нэвтрэн орж иржээ. Хил манаж байсан Монголын 10 хилчин тэдэнтэй баатарлаг тулалдаж, зургаа нь амь үрэгдэв. Тэдгээр хилчдээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1921 оны энэ өдөр Иракийн Басрад 58.8 хэм хүрч халав.

2003 оны энэ өдөр Суданд “Boeing 737” онгоц сүйрч, 117 хүн амиа алдсан байна.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top