ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 08 сарын 04

Өнөөдөр 2021.08.04. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 05 цаг 33 минутад мандлаа, 20 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Күүк аралд Үндсэн хуулийн өдөр, АНУ-д Эргийн хамгаалалтын өдөр.

Энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Клаус Шульце, Америкийн жүжигчин, кино найруулагч, Оскарын шагналт Билли Боб Торнтон, жүжигчин Эбигейл Спенсер, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн жүжигчин Ли Мак, ханхүү Харригийн эхнэр Меган Маркл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1912: Ла-Маншийн хоолой дээгүүр анх удаагаа нислэг хийжээ.

1914: Их Британи Герман улсад дайн зарлав.

1951: Финландын галт тэрэгний буудлаас анхны цахилгаан галт тэрэг хөдөлжээ.

2002: Афганистаны хаан байсан Захир-шах 29 жилийн дараа ордондоо эргэн ирэв.

2007: Канаверал хошуун дахь сансрын буудлаас Дельта-2 зөөгч пуужингаар Ангараг гарагийг судлах зориулалттай Phoenix аппаратыг хөөргөжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top