ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 08 сарын 05

Өнөөдөр 2021.08.05. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа, 20 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Буркина Фасод Тусгаар тогтнолын өдөр бол Хорватад Ялалтын, Иранд Исламын хүний эрхийн өдөр.

Энэ өдөр Бразилын алдарт цохилтот хөгжимчин Аирто Морейра, Оросын жүжигчин Наталья Лапина, Францын улстөрч Марин Ле Пен, Латвийн Ерөнхий сайд асан Валдис Домбровскис, Зөвлөлт, Армяны хөлбөмбөгч Роман Березовский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921: Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1967: Энэтхэгт болсон бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мехико-1968” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат хүрэл медаль хүртэв. Энэ медаль Монголын спортын түүхэн дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914: АНУ-ын Кливлэндэд дэлхийн анхны цахилгаан гэрлэн дохиог суурилуулжээ.

1924: Туркт олон эхнэр авахыг хориглов.

1939: Халхын голын байлдаанд Оросын нисгэгч Михаил Ююкин дэлхийд анх удаагаа шатаж буй онгоцоор газарт буужээ.

1940: Латви ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон.

1963: Москвад ЗСБНХУ, АНУ болон Их Британийн төлөөлөгч нар агаар, сансар, усан доор цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ.

2016: Рио-де-Жанейрод Зуны XXXI олимп нээлтээ хийжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top