Намар гэдэг үр өгөөж, ашиг шимээ өгч байдаг дүүрэн улирал. Ногоо тарьсан бол төмс луувангаа хурааж, тариа тарьсан бол амуу буудайгаа алтруулна. Жилийн жилд л ээж минь хүлэмжинд ногоо тарьдаг сан. Өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо ч тариална. Намар болохоор ургацаа хурааж цэвэрлэж бэлдсэн варены шилэнд хэрчиж амталж дардаг.
Даршилсан ногоогоо өвөлжингөө хэрэглээд хавар Цагаан сараар ч ширээ чимээд өег байдаг. Энэ жилийн тухайд төмс, хүнсний ногооны тариаланчид ургацаа хаана худалдаалах вэ гээд багагүй гомдол санал гарсан. Тэгвэл наймдугаар сарын 4-ны А192 тоот тушаалаар есөн дүүргийн 23 байршлыг худалдааны цэг болгожээ. Намар гэдэг дуртай ногоогоо хямд үнээр худалдан авч амт чанартай төрөл бүрийн хоол алаглуулан хийдэг л улирал даа. Хаврын тарчиг цагт нарийн ногооны үнэ тэнгэрт хаддаг бол намар үнээ навс бууруулдаг.
Намрын ногоон үзэсгэлэн худалдааг амт өнгөөрөө татсан тарвас, амтат гуа, алим, чацаргана, гүзээлзгэнэ, зөгийн бал зэргээс шилж сонгон авах ч урамтай даа. Энэ л цагт тариаланчдаа дэмжиж ард иргэд маань бөөний үнээр төмс, жимс ногоогоо худалдан авч хүнсээ базаан, даршлаад аваарай. Олон төрлийн амин дэмийг агуулсан төрөл бүрийн жимс, ногоо таны ширээг чимж, эрүүл мэнд, дархлааг тань дэмжих болно. Хөдөлмөрч хүмүүсийн гарт хөрс шороо өгөөжөө өгдөг гэж боддог. Тариаланчид тариа ногоогоо ургуулахын тулд ургахын улаан нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй арчилж тордож ургуулдаг юм шүү. Ай даа, намар цаг үр өгөөж, ашиг шимээ өгч байдаг дүүрэн улирал даа.
Сэтгэгдэл ( 1 )
Эх орны хөрсөнд тариалж ургуулсан хүнсний ногоогоор жилийн 4 улирал жигд хангах ажлыг хийж чадахгүй байгаа коммунист төр, засгаар юугаа хийх вэ дээ та минь.