Монголд баяр ямар дуусах биш... Баяр болдоггүй сар гэж тун чиг ховор доо. “За ашгүй энэ сард л баярлахгүй өнгөрье” гэхээр аль нэг найзын төрсөн өдөр, албан байгууллагын ой яг таарчихдаг. Тэгээд л баярлацгаая. Төлөө... Урагшаа. Гэхдээ энэ олон баяраас хамгийн тааламжтай, жендерийн өндөр мэдрэмжтэй нь “Аавуудын өдөр” шиг санагддаг юм. Ямар манай эрчүүдэд олон баяр байх биш. Ганц байх цэргийн баяраар нь “Цэрэгт явснаар нь ялгачихна”, жилд ганц тохиох төрсөн өдрөөр нь “Эр юм байж” гээд ялгаварлачихна. Ингэхээр “Аавуудын өдөр” бол манай эрчүүдэд яг гоё тохироод байдаг юм. Монгол эрчүүдийн үр хүүхдээ гэдэг сэтгэл, эр хүний амь амьдралаа авч явах жудаг нь энэ өдөртэй илүү зохицно. Тэглээ ч үр хүүхэдтэй болчихсон эр хүнтэй “Чи ямар аав болсон юм уу” гээд барьцаж, цамнаад байх хүмүүс ч ховор биз...
Америк охины анх санаачилсан энэ өдрийг манай монголчууд 2005 оноос тэмдэглэж эхэлсэн. Мэдээж бүгд нэг их тэмдэглээд байдаггүй. 2003 онд хэдэн эрчүүд минь нийлээд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” гэгчийг байгуулж, дэлхийн олон оронд байдаг энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон учиртай юм билээ. Бусад улсад өөр өөр өдөр тэмдэглэдэг. Манайд бол наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгодог. Урьд урьдын жилээ бодвол одооны Z, альфа үеийнхэн мэдрэмжтэй, сэтгэлгээ нэг л өөр болоод байгаа. Арав гаруй хоногийн өмнө тэмдэглээд өнгөрсөн энэ өдрийн хүрээнд эрчүүд маань сошиалаар баярын ямар мэндчилгээ хүлээн авч, хэдэн хүүхэдтэй зэргээ түмэнд нэг зарлаад авлаа. Хүүхнүүд маань ч хүчээр “таг” хийдэг улс доо, тэгээд. Тэдгээрийн дундаас сэтгэл хөдөлгөж, самсаа шархируулсан нэгэн пост нь нэгэн эрхмийн оруулсан “Утаа саагиулахаар тамхины хайрцагаа нээтэл дотроос нь хуйлаастай бяцхан зурвас гарч ирэв. Задалтал 5000 төгрөг уналаа. Охины минь нууцаар хийсэн зурвас байна. Уншаад цийлэгнээд л, уяраад л явчихав... Нэг л сайхан сэтгэл тэнэгэр энэ өдөр ажлаа хийж дуусгалаа.. 5000 төгрөөр хэдэн зайрмаг авч харина аа... Учир нь охин минь ”тамхинаас бусад зүйлд зарцуулаарай” гэсэн учраас би тамхинаас гарна аа...” хэмээх бичиглэл байв.
Аав бүр үр хүүхдийнхээ хамгийн супер баатар нь байдаг учир эрхэм аав та гундуу бүү алхаарай. Үр хүүхдээ үргэлж өргөж, гэрэл мэт инээдээр нь цэнэглэгдэж байхын тулд аав та эрүүл байгаарай. Хэзээ ч танаас хайр нэхэхгүй атлаа бяцхан зүрхээ дүүртэл таныг хайрлаж, чин сэтгэлийнхээ угаас эрүүл байхыг тань хүсэх тэр агуу бүхэн үрсээс чинь л гардаг юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Бусдыг өөр шигээ зөв хүмүүс болгох гэж сургадаг хүний дээдүүд тоогоо алдлаа. Бусдад зааж сургах чинь их бүдүүлэг зан даа.