ОЛОН ӨНГӨ: Намрын охид

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Урт шар дээлтэй налайсан намрын энгэрт эрхлэн нялхарна. Ертөнц авхай нараа хумьж туних тусам алтан цацраг нь зулай дээр асгаран хоргодном. Нарны саагаар хулдаж, намжир төгс суух ахуйд навчис сэнсрэн сэнсрэн өвдөг дээр буудаг. Тэгснээ намираа бороо шивэрч торгон хөшиг буулган нартын нүглээс намрын охидыг халхлан өмчирхдөг юм.

Нар, навч, намираа борооны үүсгэсэн төгөлдөр оршихуйд өөрсдийн гортигоо татчихаад хэнийг ч юм хүлээн дуулан гансрах нь охидын зан. Тэр тойрогт нь дүүрэн манантай. Урагш ганц  алхчих л юм бол хаачихаа мэдэхгүй төөрч, гагцхүү манан дунд наран сөөргөө алхахыг ятгах болно.

Мянга мянган гэрэлт цох замчилсаар  уй гунигт хачин дуртай мянга мянган охидод хүргэж өгнө. Тэнд ер бусын гунигтай хэр нь гэгэлгэн дуу эгшиглэж,  хэнбугайн ч зүрхийг ховсдох шидтэй ажгуу. Би тэнд буй боловч бие минь харагдахгүй агаад оргүй хоосонд оршиж гортиг давагч бөх зүрхтэний сэтгэлээр наадах буй за. Магадгүй хэдхэн хормын дараа тэрхүү гайхамшигт атлаа гансралт тойргоос та зугтан хулжихыг хүсэх байх.

Намрын охидын үзэсгэлэнт харц, санаа алдалт, зүрхний шимшрэл, дусал нулимс, гэнэн хонгор инээд танд таалагдаж эхэлбэл таны эд эс нэгэнт уусжээ гэсэн үг. Тэгээд л намартай, нартай, навчтай, намираа бороотой, надтай цуг сэнсрэн эргэлдэж, сэмрэн хөндүүрлэж азгүй хэрнээ азтай тэр нэгэн хүмүүн үүрд намрын хөвүүн болох болно. Намрын охид намраа ингэж л дэглэдэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top