Бид бурхдаас дутахгүй галзуурсан байх

2021 оны 09 сарын 03

Нэг хүүхэд машинаар тоглож байна. Төд удалгүй гар утасны 3D тоглоом нэхэн уйлах болов. Хажууд  нь хоёр хүүхэд машин булаацалдана. Тэр гурав нийлж аваад, гар утас булаацалдан хэрэлдэж, гар зөрүүлэхдээ тулав. Бидний ойлголтоор хөгжил дэвшил гэж энэ юм байх. Хүүхэд багачуудаа хүмүүжүүлж буй арга хэрэгсэл нь билэг оюун бус эд юмс дээр тогтдог болж хувирсны илрэл.

Өдрөөс өдөрт ухаан тэлж буй хүүхдүүдээ технологийн дэвшлээр эрхлүүлснээр улам л эд юмны хараат болгоод буйн шинж. Ийм явдлыг харах бүрд “Бурхад лав галзуурсан байх” нэртэй кино санаанд буудаг юм.

Байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой оршдог африкийн нэгэн овгийнхны талаар өгүүлдэг тус кинонд “Кока кола” ундааны шил тэнгэрээс унаж ирэх хэсэг гардаг. Тэнгэрээс бурхны илгээсэн бэлэг үзсэн “Кока кола”-ны шил (үнэн хэрэгтээ дэлхийн соёл иргэншилт хүний нисэх онгоцноос шидсэн хог) нэгэн гэр бүлд жинхэнэ гай ганчиг авчирч байгаа юм. Тэр нь эд юмнаас үүдсэн хэрүүл зодоон л доо. Эцэст нь өрхийн тэргүүн хэрүүл тэмцэл, хэл ам дагуул ирсэн тэр гайтай эдийг тэнгэрийн хаяан дахь бурханд буцаан аваачиж өгөхөөр аялалд гардаг юм.

Үнэн хэрэгтээ африкийн бушмануудын аж амьдралыг харуулсан тэр киноноос баялгийн талаар тэс өөр ойлголт авна. Хүнснээсээ илүү хэрэгцээнд огт санаа зовниж үзээгүй, олдсоноо эрх тэгш хуваадаг, зөвхөн гэр бүл, отог овгийнхоо төлөө л аж төрдөг эгэл ардыг харж болно. Бас байгаль дэлхийгээ үр хүүхэд, эцэг эхээсээ дутахгүй хайрлан, атаа жөтөө, дайсагнал, шунал хуваагдалгүй амьдарч болдгийг суралцаад авахад гэмгүй. Түүнийг анзаарахгүй бол бид болон бидний үр хүүхэд бурхдаас ч дутахгүй галзуурч мэдэх нь.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.103.17) 2021 оны 09 сарын 03

Goyo kino shuu. The Gods Must Be Crazy part 1 geed xaigaad uzeerei

0  |  0
Кк(192.82.76.163) 2021 оны 09 сарын 03

Ойлгохгүйээ, болоогүй.

0  |  0
Top