ОЛОН ӨНГӨ: Гэрэлт харц

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 04

Сургууль, цэцэрлэг цуглаж, шинэ хичээлийн жил ширүүхэн эхэлж байна. Хичээлдээ яаран алхах нь их хотыг чимээд өнгөтэй. Цүнхээ дааж ядан алхах бяцхан сурагчид сургууль руугаа тоодго тоодго алхах нь эгдүүтэй. Сургуулийн дэргэдүүр явахаар хүүхдийн дуу цангинаад чихэнд чимэгтэй.

Ойрын үед ийм зураглал хараагүй болоод ч тэр үү сэтгэлд гэрэлтэй өег санагдаад инээмсэглэл тодрох. Цэцэрлэгээсээ тарж буй жаахан хүү ээждээ барьж байсан шүхрээ өгөөд “Ээж ээ, та бороонд норж болохгүй, би танд хайртай шүү дээ. Май энийг ав” гэлээ. Ээж нь хүүгээ эвийлээд “Өө хэрэггүй, миний хүү өөрөө барь аа, ээж нь зүгээр дээ” гээд инээмсэглэв. Дахиад цааш алхахад дөнгөж нэгдүгээр ангийн хүүхэд бололтой сурагч охин аавдаа хөтлүүлэн алхаж явна.

Охин “Манай ангийн багш биднээр зураг зуруулсан. Дасгал хийлгэсэн. Шүлэг заасан” гэж тасралтгүй шулганана. Аав нь “Миний охин, шүлгээ сайн сурсан  биз дээ” гэж эрхлүүлнэ. Одоо л энгийн хэрнээ энгүй аз жаргалтай амьдрал эхэлж байгаа юм шиг харсан бүхэн хайр түгээгээд гайтай цар тахлыг үүрд таягдан хаячихсан юм шиг сайхан мэдрэмж төрж байлаа.

Өмнө нь коронавирусний халдвар ганц хоёрхоноор тоологдож байхад бүх цэцэрлэг сургуулиа хаасан. Одоо 3000 давж байхад ийнхүү нээв. Хүүхдүүдээс минь өвчин тахал холуур, өдөр бүр ийм л жаргалтай байгаасай. Хүүхдүүд минь гадуур чөлөөтэй явж, нийгмийн харилцаанд хөл тавьж, анги танхимдаа шуугилдаж, найз нөхөдтэйгөө тоглож,  эрдэм номоо сурч, ээж аавдаа өдөр болсон бүхий л сонингоо хуваалцаж амьдрал завгүй байх тусмаа л сайхан.

Хүүхдүүд маань гэртээ хариад гар утас ухахгүй, хичээлээ хийнэ. Зурагт гөлрөхгүй даалгавраа давтана. Сэтгэлээр унахгүй маргаашийнхаа хичээлд яаранхан, ангийнхаа хүүхдүүдийг яринхан үдэш өнгөрнө дөө. Хүүхдүүдийн минь харц өдөр өдрөөс илүү гэрэлтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top