ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өнөөдөр 2021.09.06. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 06 цаг 17 минутад мандлаа, 19 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгарт Нэгдлийн өдөр, Эсватинид Тусгаар тогтнолын өдөр, Чилид Үндэсний нэгдмэл байдлын өдөр.

Энэ өдөр Унгарын шатарчин Золтан Рибли, Оросын хөлбөмбөгч, дасгалжуулагч Александр Тарханов, Португалын Ерөнхий сайд асан Жозе Сократеш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Идрис Эльба, Оросын гимнастикч, олимпын хүрэл медальт Анна Павлова, Америкийн дуучин Ашер Энжел зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926: МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлжээ.

1939.09.06-10: ЗХУ болон Япон улс хэлэлцээ хийж, хоёр тал тус тусын эзэлж байсан байрлалаа хадгалж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.

1963: БНХАУ-ын дарга Лю Шаоци БНХАУ-аас БНМАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Зян Цаньминыг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1952: Женевд Дэлхийн зохиогчийн эрхийн конвенцыг батлав.

1968: Свазиленд тусгаар улс болж, хаанаар нь Собхуза II-г өргөмжилжээ.

1976: Зөвлөлтийн нисгэгч Виктор Беленко “Миг-25П” сөнөөгч онгоцоор зугтан Японд газардаж, тэндээсээ АНУ-аас улс төрийн орогнол хүсжээ.

1987: Балтиморд анх удаагаа мэс заслын аргаар сиамын ихрүүдийг салгав.

1989: Парист компьютерийн алдаанаас болж 41 мянган хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мэдэгдлийн оронд аллага үйлдсэн, дээрэм хийсэн гэсэн захидал хүлээн авчээ.

2009: Филиппиний ойролцоо “Суперферри 9” хөлгийн сүйрлээр 9 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top