БЗД: Агаарын бохирдлыг бууруулах төсөлд 50 өрх хамрагдана

2021 оны 09 сарын 07

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг Баянзүрх дүүрэг хоёр дах жилдээ хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд дүүргийн 50 өрхийн нүүрсний хэрэглээг халж, цахилгаан халаагуурын тогтолцоонд шилжүүлэх юм. Уг халаагуур нь дулаалгын, агаар сэлгэх, халаах гэсэн гурван багцаас бүрдэнэ. Багц тус бүр гэрийг аюулгүй халаах, дулаан барих зориулалттай 5-аас дээш тоног төхөөрөмжтэй.

Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэ удаа хамрагдаж буй 50 өрхийн тал зардлыг дааж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ашиглах боломжтой болж байна. Төсөлд хамрагдах өрхийг сонгохдоо жирэмсэн, бага насны хүүхэдтэй, ахмад настай хүнтэй амьдардаг зэрэг зарим шалгуурыг харгалзан үзэж байгаа юм.

Харин төсөлд хамрагдаагүй ч цахилгаан халаагуур суурилуулах сонирхолтой бусад айл өрх үндсэн үнээр нь худалдан авах бүрэн боломжтой. Түүнчлэн хөнгөлөлттэй үнээр авах 50 өрх болон үндсэн үнээр авах сонирхолтой бусад айл өрхүүд жилийн 8-9 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын зээлээр авах боломжийг бүрдүүлж байгаагаа төсөл хэрэгжүүлэгч тал онцолж байлаа.

Олон улсын хэмжээнд агаарын бохирдлоос ангижрах гарц нь цахилгаан дулааны эх үүсгэвэртэй болох гэж үздэг. Манай улсын хувьд өндөр өртөгтэйн улмаас үүнийг хэрэгжүүлэх боломж хомс байсан юм. Энэ удаагийн төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хорооныхоо засаг дарга, зохион байгуулагчид хандаж, хүсэлтээ өгнө үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50(103.10.23.164) 2021 оны 09 сарын 07

50хан байхдаа яахавдээ ядаж 100 гээч мэлхий шиг удаан дарга нар т агаар гүн бохирдолтой байх нь ашигтай

0  |  0
Top