АНУ өмнө нь зогсоогоод байсан афганистанчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг сэргээнэ гэлээ. Нүүлгэн шилжүүлэх ажлыг улаан бурханы вакцин хийх үйл явц дуустал зогсоогоод байсан юм.
Вашингтоны албаны хүний мэдээлснээр нүүлгэн шилжүүлж байсан хүмүүсийн дунд улаан бурханаар өвчилсөн тохиолдол багадаа зургаа илэрчээ. Вакцинжуулалт ирэх амралтын өдрүүдэд дуусах аж.
АНУ Афганистанаас явах хүсэлтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа билээ. Франц улс нисэх буудлын аюулгүй байдлын нөхцөл хүндэрснээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа зогсоогоод байгаа бол явах ээлжээ хүлээсэн олон мянган афган иргэн байна.
АНУ тусламж үзүүлэх эсэх нь талибуудаас хамаарна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Америкийн талаас Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэхэд талибуудын байдал ямар байх нь нөлөөлнө гэлээ.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороонд Афганистаны нөхцөл байдлын талаар хийсэн сонсголын үеэр тэрбээр тус улсын гадаад нөөц Америкийн банкуудад байгаа гэжээ.
Афганистанд нэвтрэх боломжтой олон улсын санхүүгийн байгууллагуудын ихээхэн нөөц байгаа аж.
Энтони Блинкений ярьснаар АНУ-ын тусламж хүрэх эсэх нь Афганистаны шинэ засгийн газрын талибуудын үйлдлээс, “Талибан” хөдөлгөөн ямар дүгнэлт хийхээс хамаарна.
АНУ Афганистанд 64 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэсэн юм.
Мөн НҮБ-ын хурлаар олон арван жил үргэлжилсэн дайн, зовлон зүдгүүрийн дараа афганистанчууд хамгийн аюултай цаг үетэй тулгарч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Олон мянган хүн орон гэргүй болох эрсдэлтэй байгаа юм.
Хурлын үеэр Хятад улс Афганистан руу хоол хүнс, вакцин, бусад шаардлагатай тусламжийг илгээнэ гэжээ. Мөн Япон улс 65 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )