Хятад улс “Бүс ба Зам” дэд бүтцийн төслөөрөө өөрийн нөлөөгөө Азид тэлж байгаа энэ үед АНУ хөгжлийн төслөөрөө “зэвсэглэн” Бээжингийн “арын хашаа”, Монгол Улсад хариу өгч байна гэж Voice of America агентлаг бичжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн сард АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын санхүүжилт бүхий ус цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо. 93 сая ам.долларын өртөг бүхий тус хөтөлбөр нь улам бүр хүрээгээ тэлж буй Монголын нийслэл Улаанбаатар хотын усны хомстлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийт 350 сая ам.долларын тусламжийн нэг хэсэг юм.
“Өнөөдөр АНУ-ын Монголын ард түмэнтэй байгуулсан түншлэлд нэгэн шинэ хуудас нээгдэж байна” гэж санхүүжилт олгосон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын орлогч гүйцэтгэх захирал Алексиа Латортю мэдэгджээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор монголчуудын эдийн засгийн өсөлт, аж амьдралыг тэтгэхэд нэн шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх юм гэж тэрбээр ёслолын ажиллагааны үеэр онцолсон байна.
Хоёр талын харилцаа
АНУ-ын геополитикийн хоёр том өрсөлдөгч болох ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол Улс нь АНУ-ын дипломат болон эдийн засгийн бодлогын бай биш санагдах талтай. Арав гаруй жилийн боловсролын солилцоо хоёр улсын харилцааны халуун дулаан уур амьсгалыг бий болгосон гэж Клечески “VOA” агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Монголын Засгийн газарт ажиллаж буй олон хүн АНУ-д боловсрол олсон гэж тэрбээр дурдаад Монгол Улсын Ерөнхий сайд Харвардын их сургуулийн төгсөгч гэж тодруулав. АНУ-ын Төрийн департаментын мэдээллээр, УИХ гишүүдийн гуравны нэгийг АНУ-ын их, дээд сургуулийн төгсөгчид бүрдүүлж байна. “Монгол Улс нь залуу орон. АНУ, бидний тогтолцоо, англи хэл сурах сонирхол их бий гэж Клечески ярьжээ.
“Би америкчуудтай хамтарч ажиллах дуртай. Америкчуудын хууль, дүрмээ хэрхэн мөрдөж буй нь, тогтолцоогоо хэрхэн дагаж буй байдал нь сайхан санагддаг. Энэ бол америкчуудын сайхан чанар юм” гэж Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос өгүүлэв. Америкчуудын нээлттэй байдал, хариуцлага, аливаад бодитоор хандаж буй байдал, бусдад туслах гэсэн сайхан сэтгэл зэрэг үнэт чанар гүн сэтгэгдэл төрүүлдэг талаар тэрбээр ярьжээ.
Хэдийгээр хүний харилцаа зэрэг ялгаатай зүйлс бий ч Монгол улс америкчуудын адил эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн, дагаж мөрдөхийг зорьдог. Гэхдээ бидний ялгаатай байдал хамтын ажиллагаанд хэзээ ч саад болохгүй гэж Э.Содонтогос онцлов.
Буцалтгүй тусламжаар дэмжих нь
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй төсөл нь улс орнуудыг өрөнд унагадаг Хятадын дэд бүтцийн төслүүдийг бодвол Монголын Засгийн газрын тодорхой оролцоотой АНУ-ын талаас бүрэн санхүүжиж байгаа нь монголчуудын сэтгэлд нийцдэг.
АНУ-ын Засгийн газар шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлэх замаар Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Учир нь залуу ардчилсан оронд их хэмжээний өрөнд оруулахгүй тийм хөтөлбөрүүд амин чухал гэж Клечески шав тавих ёслолын арга хэмжээний үеэр онцолжээ.
Монгол Улс шиг хөгжиж буй орны хувьд буцалтгүй тусламж нь туйлын чухал гэж Содонтогос мөн ярив.
Хүн ам нь эрчимтэй өсөж буй Улаанбаатар хотын хувьд усан хангамжийн асуудал нэн тэргүүний асуудал болоод байна. Тус хотод улсын нийт 3.3 сая хүн амын тал орчим хувь нь амьдарч байна.
Ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор хотын усан хангамж 65 хувиар нэмэгдэж, улмаар усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх алсын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үлэмж их үүрэг гүйцэтгэх юм.
Содонтогосын хэлснээр, усны асуудал хүн бүрт хамаатай. Учир нь ус бол амьдралын гол эх үүсвэр. Монголын ард түмэн энэ хөтөлбөрт их ач холбогдол өгч байгаа. Тэд энэ хөтөлбөрийг талархан дэмжиж, АНУ-ын Засгийн газартай хамтран эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байна.
Харин Клеческигийн хувьд жижиг төслүүд ч ач холбогдол өгч байна. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө нийслэл хотоос 1290 км зайд орших Улаангом хотод АНУ-ын санхүүжилт бүхий хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолд оролцсон. Энэ нь АНУ-ын санхүүжилт бүхий найм дахь хүүхдийн цэцэрлэг болж байна.
“Монголын сургуулийн насны хүүхдүүдэд аюулгүй, таатай орчин суралцах нөхцөлийг бий болгохоор Монгол Улстай хамтран ажиллах боломж олдсон нь нэр төрийн хэрэг юм” гэж Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны цахим хуудсанд байршуулсан мэдэгдэлд дурджээ. АНУ-ын цэргийн инженерүүд барилгын чанарт хяналт тавьж буйг мөн мэдэгдэлд онцолсон байна.
АНУ, Монгол Улсын зэвсэгт хүчнүүд мөн сүүлийн жилүүдэд нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монголын энхийг сахиулах хүчнийг сургах, монгол энхийг сахиулагчид Афганистанд явуулсан АНУ болон НАТО-ийн ажиллагаанд оролцох зэргээр хамтын ажиллагаа өрнөж байна.
2019 оны долоодугаар сард Вашингтон хотноо болсон тухайн үеийн Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтын үеэр хоёр улс стратегийн түншлэл байгуулсан билээ. Үүний үргэлжлэл болгон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Япон, БНСУ, БНХАУ зэрэг Зүүн Азид хийсэн айлчлалынхаа хүрээнд энэ оны долоодугаар сард Монгол Улсад айлчилсан юм.
Зөвлөлтийн эзэнт гүрэн нуран унасны дараа коммунист орноос чөлөөт, ардчилсан үндэстэн рүү амжилттай шилжсэн Ази дахь анхны орон гэдгээр нь АНУ Монгол Улсыг үнэлдэг. Монгол Улс нь дэлхийн нэгэн чухал эд эс маргаангүй мөн гэж Клечески хэлж байна.
Гэсэн хэдий ч хэрэв АНУ эдийн засгийн нөлөөгөө тогтоох зорилгоор Монголын Улсын экспортын 90 хувь, импортын гуравны нэгийг бүрдүүлдэг Хятад улстай өрсөлдөхийг зорьж байгаа бол үүнээс ч илүү зүйлийг хийх ёстой гэж Клечески үзэж байна.
ОХУ мөн Монголын эрчим хүчний салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Элчин сайдын яамны зүгээс тус хоёр улсын хамтын ажиллагаа бусад салбаруудад өргөжин тэлж буйд сэрэмжлэнгүй ажиглаж байна гэж Клечески VOA агентлагт ярив.
Америкчууд Монголын талаар тэр бүр сайн мэддэггүйг Элчин сайд хүлээн зөвшөөрөөд зарим бизнесийн хувьд гурван сая хүнтэй зах зээл маш жижиг санагдах талтай гэв. Гэхдээ Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи зэрэг салбарууд Америкийн хөрөнгө оруулалтын хувьд маш их ирээдүйтэй салбарууд.
Монголын ард түмэн XIII зууны Чингис хааны байлдан дагуулалтын түүхээрээ бахархдаг хэдий ч орчин цагийн өндөр мэдрэмжтэй улс гэж Клечески дурдав. Тэрбээр монголчууд дэлхийтэй нэгдэн, мөр зэрэгцэн алхах чин хүсэлтэй үндэстэн юм гэж онцолжээ.
Эх сурвалж: Voice of America
Сэтгэгдэл ( 3 )
Я.Болор гэж нэг төрлөх хэлээрээ ойлгомжтой зөв бичиж чадахгүй сэтгүүлч гэ мэргэжлийн бузарласан хүн байна. Бас болоогүй ээ өөрөө өөрийнхөө дор сэтгэгдэл бичихээ болиоч!!!!!
Энэнээс болж оросууд бензинээ хааж байна
сайд маш зөв судалж тодорхойлжээ харин Оростой харьцаа болон худалдаа сайнгүй болсон шүү дээ монголчууд дээр үеэс ах дүүгийн харилцаа гэдгээр л байна даа