Сүүлийн хагас сарын хугацаанд ковидоор өвчилсөн хүмүүсийн тоо өдөртөө л хоёр мянгаар тоологдож, нас баралт хоногт 20 орчим бүртгэгдэж байна.
Тэгвэл халдвар авсан иргэдийн тоонд коронавирусээр өвчилсөн орон гэргүй тэнэмэл иргэдийн нас баралт, өвчлөлийн тоо огт ордоггүй ажээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд орон гэргүй тэнэмэл амьдралтай хоёр иргэн гудамжинд нас барсан байсныг шинжилгээнд хамруулахад коронавирусний халдвар авсан байсан нь батлагдсан байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлэгт гэр оронгүй тэнэмэл амьдралтай гэж бүртгэгдсэн 35 настай эмэгтэй биеийн байдал хүндэрч, яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаа аж. Дээрх өвчтөн хамтран амьдрагчаасаа халдвар авсан гэх ба түүний хамтран амьдрагч төмөр замын ойролцоох гудамжнаас гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан тухай ярьжээ. Мөн орон гэргүй, гэрээсээ дайжсан иргэдийн дунд коронавирусний халдвар тархаж, нас барсан тохиолдлууд олон байгааг хэлж байна.
Ийнхүү эдгээр хүмүүсийн дунд халдвар ихээр тархаж, гудамжинд амьсгал хурааж байгааг албаныхан мэддэг ч үгүй, мэдээлдэг ч үгүй.
Коронавирусний халдвар дотооддоо анх тархсан үед буюу жилийн өмнө гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусний шинжилгээнд хамруулж байсан.Түүгээр зогсохгүй төрөөс төсөв хөрөнгө гаргаж, нийгмийн хамгааллын тусгай төвүүд болон төрийн бус байгууллагуудад хүргэж, хяналт тавин ажиллаж байв.
Ингэхдээ нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг авч байжээ.
Тухайн үеийн тоо баримтаас үзвэл, гэр оронгүй 248 иргэнийг олж тогтоон, 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа зургаан төрийн бус байгууллагад байршуулан арван иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.
Гэвч энэ ажил тухайн үедээ өрнөөд удаан үргэлжлээгүй. Өнөөдөр эдгээр хүмүүсийн дундах халдвар нэмэгдэж, гудамжинд олноороо нас барж байгаа нь дээрх үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй байсан гэдгийг харуулж байна.
Харин одоогийн байдлаар гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдэд хаанаас хэрхэн анхаарч, хяналт тавьж байгааг тодруулах гэсэн боловч албан ёсны мэдээлэл өгөх хүн байхгүй байна.
Энэ талаар Улсын онцгой комиссоос тодруулахад, жирийн иргэдийн дундах халдварыг багасгах, урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч байгаагаас гадна эмч, эмнэлгийн хүрэлцээ муутай учраас тэнэмэл иргэдийн асуудалд чиглэсэн ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэсэн юм.
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмд хамгийн их халдвар тархаах магадлалтай эрсдэлт бүлэг гэж үзээд, улс орнуудад эдгээр иргэдээ вакцинд хамруулахыг уриалсан.
Энэхүү уриалгын дагуу европын улс орнууд өндөр настан, зорилтот бүлгийнхэнтэй хамтатган хамгийн түрүүнд орон гэргүй иргэдээ вакцинжуулсан бөгөөд хоёр дахь тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Гэтэл манай улс орон гэргүйчүүдээ вакцинд хамруулах байтугай хүний тооноос хасаж, гудамжинд үхэлтэй нь хамт хаяж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ засаг ялангуяа эрүүл мэндийн яам бодлогын чанартай олигтойхон ямарч ажил хийхгүй байна
Тэнэмэл иргэдгүй, тэтгэвэрийн иргэд ч үгүй энэ засаг жаргах замдаа орчихлоо шүү.
Тэнэмэл хүмүүс өвчлөлгүй яахав эд нарт өдөрт зүүх солих маск байх уу байнгын хоол биеийн эсэргүүцэл хэцүү төр маань чухамдаа биднийг ядуу зүдүү амьдруулах нь эд нарт ашигтай болхоорол тэр шүү дээ
Mongol hunii ami nas ingej uneguideh gej zasag tord ogson covidiin handiviin mongo egdeer humuust zoryulahdah yostoi Covid hursen hen gudamjind amidarcn bgaa hun bur l ih halwar taraagcn bolno Zasag yu hiij bna
Mongol hunii ami nas ingej uneguideh gej zasag tord ogson covidiin handiviin mongo egdeer humuust zoryulahdah yostoi Covid hursen hen gudamjind amidarcn bgaa hun bur l ih halwar taraagcn bolno Zasag yu hiij bna