ОЛОН ӨНГӨ: Уулс дамнасан нүүдэл

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Орчин цагт малчин түмэн маань нүүхдээ ихэнхдээ техник хэрэгсэл ашигладаг болсон. Тэр бүү хэл хонь, адуугаа ч мотоциклоор хариулдаг болсон нь шүүмжлэл дагуулдаг. Харин уламжлалаа даган баруун монголчуудаас хэсэг бусагхан нүүдэл хийсээр байгаа юм билээ. Тэгвэл яг өдийд нутагт маань жинхэнэ өв уламжлал, зан заншлаа тээгээд нүүдэл хөдөлж байгаа.

Хөвсгөл аймаг, Дархадын цэнхэр хотгор нутаг гэдэг бол их усны хагалбар газар учраас 360 гаруй нуур, 24 томоохон гол, мөрөн урсдаг. Тийм ч болохоор орчин цагийн машинаар нүүдэл суудал хийх боломжгүй. Даваа бүр ганцхан жимээр давдаг, цас эрт, их унадаг болохоор сарлаг, хайнагийн шарандаа л найдна. Хамгийн олон жил нуруу ачсан шарандаа гэрийнхээ бүх мод, авдраа ачаад бага насны хүүхдээ суулгана.

Хөр цасыг гаталж жим гаргахын тулд урдаа адуугаа туугаад араас нь нуруу ачсан шараа үхэртэйгээ хамт тууна. Хамгийн сүүлд айлын эзэгтэй, тусад орсон хүүхдүүдтэйгээ бог малаа тууж, нэгэн хэмээр урагшилсаар үүл шүргэсэн их хангайгаа давдаг юм.

Олон жил энэ л даваагаар хавар, намартаа давдаг учраас давааны оройд айлууд түр хоноглох пүнз, малын хашааг нутгийнхан барьсан байдаг нь нүүдэлчдийн гол орогнох газар болно. Үүлсийн дунд, шөнийн оодыг ширтэн, үлгэр сонсож суух нь нэгэн насанд мартагдамгүй дурсамжийг бүтээдэг. Уулаас уул дамжин нүүдэллэсээр малын бэлчээр сайтай газар сонгон өвөлжөөд хавар эрт буцаад л өнөөх замаараа нүүнэ.

Нүүдэл бүрд гунан шаруудад дан янгиа тохож явах бөгөөд дараа дараагийн нүүдлийн гол ачааг ачих шар болох бэлтгэл нь тэр болдог юм. Гол шарны бөөрөнд зүүлттэй даваа давж явсан хүүхдүүд өсөж томорсоор эцгийнхээ үйлийг үргэлжлүүлэн өнөөх л уулсаа дамжин нүүдэллэсээр л байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top