Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
2021-2022 оны уран гулгалтын улирлын анхны гран-при “Скэйт Америка” АНУ-ын Невада мужийн цуут Лас Вега хотноо гурван өдөр үргэлжилж, өнөөдөр (2021.10.24) өндөрлөлөө.
Олон улсын тэшүүрийн холбооноос ( ISU-International Skating Union) энэ улиралд зургаан гараа зохион байгуулах бөгөөд төрөл тус бүрийн шилдэг зургаа 12 дугаар сарын 9-12-нд Японы Осака хотноо болох Гран при финалд оролцох юм. Энэ улирлын хуанлид багтсан байсан БНХАУ-д зохиогддог “Cup of China” цуцлагдаж, түүнийг Италийн гран-при орлох болсон.
Ингээд гран-при гарааны хуваарийг юуны өмнө сонирхуулья.
10.29-31. Скэйт Канада. Ванкувер,Канад
11.5-7. Италийн гран-при. Турин, Итали
11.12-14. NHK трофи. Токио, Япон
11.19-21. Францын гран-при. Гренобль,Франц
11.26-28. Ростелком цом. Москва,ОХУ
12.9-12. Финал. Осака, Япон
Энэ жилийн гран-при тэмцээний гараа болгон сонирхолтой, өрсөлдөөн өндөр болох нь тодорхой. Учир нь энэ улирал олимпийн өмнөх гэдгээрээ онцлог. Ердөө гурван сар гаруйн дараа “Бээжин-2022” Өвлийн олимп эхлэх гэж байгаа. Гран-при тэмцээнд хэрхэн оролцохоосоо шалтгаалан гулгагчид улс, улсынхаа олимпийн багт багтах эсэх нь шийдэгдэнэ. Нэг тамирчин журам ёсоор хоёр гран-прид л оролцох эрхтэй. Тэгэхээр оролцсон тэмцээн болгондоо медалийн тавцанд гишгэж байж финалд шалгарна, улмаар олимпийн багтаа багтах магадлал өндөр болох юм.
Эрэгтэй ганцаарчилсан гулгалтад гол өрсөлдөөн Дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Нэйтан Чен , Олимпийн болон дэлхийн хошой аварга Японы Юзүрү Ханю нарын хооронд өрнөх байх гэж мэргэжилтнүүд үзэж буй. Чен Скэйт Америка, Скэйт Канадад оролцох бол Ханю Эн Эйч Кэй трофи болон Ростелкомийн цомд оролцоно. Хэрэв финалд хоюулаа шалгарвал Осакад л энэ хоёрыг нэг мөсөн дээр харах боломжтой болох нь.
Харин эмэгтэй ганцаарчилсанд Оросын охид, ялангуяа Этери Тутберизигийн шавь нар хоорондоо л өрсөлдөх нь тов
тодорхой.
ОХУ-ын шигшээд багтаж гран-прид оролцохоор мэдүүлгээ өгсөн найман охины зургаа нь Этеригийн шавь.
Тухайлбал Александра Трусова АНУ, Япон, Анна Щербакова Итали, Франц, Алёна Косторная Канад, Франц, Дарья Усачёва АНУ, Япон, Майя Хромых Итали, ОХУ, Камила Валиева Канад, ОХУ-д болох гран-прид оролцох бол Алексей Мишины шавь Елизавета Туктамышева Канад, ОХУ, Светлана Пановагийн шавь Ксения Синицына АНУ, Францын гран-прид оролцоно. Эндээс ердөө гурав нь л ( Валиева, Щербакова, Трусова, Косторная дөрөв илүү боломж, чадвартай гэж миний хувьд бодож байгаа) Олимпийн наадамд оролцоно. За бараг тэр гурав нь Олимпийн медалийн тавцан дээр зогсох боломжтой.
Нэг мэдсэн эмэгтэй ганцаарчилсан, олимп гээд явчиж, эргээд Лас Вегастаа очьё доо.
Лас Вегаст эрэгтэй ганцаарчилсан төрөлд Нэйтан Ченийг хөнгөхөөн түрүүлчих байх гэж таамаглаж байсан талаар болов. Богино үзүүлбэр дээр алдаа гаргаж дөнгөж дөрөвдүгээрт бичигдсэн чөлөөт үзүүлбэртээ хоёрт орсон ч нийлбэр дүнгээр хүрэл дээр буулаа. Харин АНУ-ын өөр нэг гулгагч , 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 21 нас маргааш хүрэх Винсент Жоу богино болон чөлөөт үзүүлбэрээ цэвэр гүйцэтгэн ( чөлөөт үзүүлбэртээ 4 эргэлттэй үсрэлт тавыг цэвэр гүйцэтгэсэн) анхны гран-при түрүүгээ авлаа.
Мөнгөн медалийг Олимпийн болон дэлхийн хошой мөнгөн медальт, Японы “мөнгөн” Шёма Уно зүүлээ.
Бүжгийн хослолд алт, мөнгөн медалийг АНУ-ын тамирчид, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Мэдисон Хаббелл/ Закари Донохью , ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Мэдисон Чок/ Эван Бэйтс нар зүүж, хүрэл медалийг Канадын Лоранс Фурнье Бодри/ Николай Сёренсен нар хүртлээ.
Спортын хосын төрөлд алдарт Этери Тутберизи анхны гран-пригийн түрүүгээ авлаа. Түүний удирдлагад өнгөрсөн хавраас хичээллэх болсон ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Евгения Тарасова/ Владимир Морозов нар энэ ялалтыг багшдаа авчирсан. Мөнгөн медалийг Японы Рику Миура/ Рюити Кихара зүүсэн бол хүрэл медалийг ОХУ-ын хос, энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова/Дмитрий Козловский нар хүртлээ. Бойкова/ Козловский нар хөтөлбөрөө илүү хүнд болгож эрсдэл гаргаснаараа ийн хүрэл дээр буусан. Гэхдээ чухам ийм хөтөлбөр хийж байж л дэлхийн аварга Мишина/ Галлямов нартай олимпийн мөсөн дээр өрсөлдөх боломжтой.
Эцэст нь ямагт хамгийн их анхаарал татдаг, хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэй эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл.
Энэ төрөлд Орос охид, тухайлбал Этеригийн шавь нар дэлхийд урдаа уран гулгагч оруулахаа байсан даа. Дэлхийн АШТ-ий медаль авахаас ОХУ-ын АШТ-ий медаль авах хэцүү гэсэн яриа хүртэл гарсан даа, энэ төрөлд.
Лас Вегаст ОХУ-аас Ксения Синицына, Александра Трусова, Дарья Усачёва нар гулгасан. Сүүлийн хоёр нь Этеригийн шавь.
Дарья энэ жил 15 нас хүрч, насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцож байгаа бол Ксения гэмтлээс болоод жил хагас завсарласны дараа дахин том тэмцээнд оролцлоо.
Тэмцээний өмнө Трусова хөлдөө бага гэмтэл авсан, бүүр тэмцээнийг орхиж магадгүй гэсэн яриа гарч байсан ч ямар ч байсан гулгалаа, гулгахаар барахгүй түрүүллээ. Гэхдээ “QQ- Quad Queen” буюу дөрвөн эргэлттэй үсрэлтийн “Хатан хаан” богино үзүүлбэртээ нэрийн хуудас болсон гурвалсан аксель гүйцэтгээгүй, чөлөөт үзүүлбэртээ ганц удаа л дөрвөлсөн лутц гүйцэтгэсэн. Мэдээж бэртэлтэй, формгүй байгаа нь нөлөөлсөн. Гэхдээ алдаагүй, цэвэр гулган түүртэлгүй түрүүллээ.
Дарьягийн хувьд чөлөөт үзүүлбэртээ гурвалсан флип дээрээ алдаа гаргасан. Нийлбэр дүнгээр мөнгөн медаль зүүсэн ч цаашид дөрвөлсөн эргэлттэй үсрэлтүүд хөтөлбөртөө оруулахгүй бол олимпийн багт багтахад бас л хэцүү байх болов уу.
Богино үзүүлбэрийн дараа Александра, Дарья, Ксения нар эхний гуравт бичигдэж байсан.
Харин богино үзүүлбэрийн дараа тавд бичигдэж байсан БНСУ-ын 17 настай гулгагч Ю Ён чөлөөт үзүүлбэртээ гурвалсан аксель амжилттай гүйцэтгэн хоёрт, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )