Дэлхийн тэргүүлэгч 20 улсын удирдагчид томоохон корпорацуудын ашигт ногдуулах татварын хувь хэмжээг 15-аас доошгүй байхаар тогтжээ. Энэ тухай олон улсын хэлэлцээрийг Ромд болж буй “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэмжсэн байна.
Ингэснээр “Их 20” бүлэг үндэстэн дамнасан компаниуд татвараас зайлсхийж, оффшор бүсэд мэдүүлэхээс сэргийлж, тухайн улс орнуудын эдийн засагт бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
“Их 20” бүлгийн орнуудын ДНБ дэлхийн ДНБ-ний 80 хувийг бүрдүүлдэг. АНУ-аас санаачилсан татварын энэ шинэчлэл 2023 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэхүү хэлэлцээр нь дэлхийн эдийн засгийн хувьд түүхэн баримт бичиг болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.