Их Британийн алдарт дуучин агсан Эми Уайнхаусын /1983-2011/ эд зүйлс дуудлага худалдаагаар дөрвөн сая ам.доллароор зарагджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, дуучны хамгийн сүүлд дуулахдаа өмссөн даашинз 243 мянган ам.долларт хүрсэн байна. Тус даашинз анхны үнээсээ 16 дахин өсжээ. Эми Уайнхаус ногоон өнгийн богино даашинзаа 2011 оны зургаадугаар сард Белград хотод тоглохдоо өмсөж байжээ.
Түүнчлэн АНУ-ын Лос Анжелес хотод болсон дуудлага худалдаагаар алдарт дуучны зүрхэн хэлбэртэй улаан цүнхийг оруулсан байна. Италийн “Moschino” эл цүнхийг Эми 2007 оны BRIT Awards арга хэмжээний үеэр барьж байжээ. Эл цүнх 205 мянган ам.долларт хүрч, анхны үнээсээ 13 дахин илүү үнээр зарагдсан байна. Үүнээс гадна дуучны “Dolce & Gabbana” брэндийн даашинз 205 мянган ам.доллар, Их Британийн загвар зохион бүтээгч Элис Темперлигийн бүтээсэн хар өнгийн комбинезон 121 мянган ам.доллароор тус тус зарагджээ. Дуучны гэгээн дурсгалыг хүндэтгэн шүтэн бишрэгчдийнх нь гарын үсэг зурж, үлдээсэн Лондон хотын Камден дүүргийн замын тэмдэг 19 мянган ам.долларт хүрсэн байна.
Дуудлага худалдаагаар Эми Уайнхаусын амьд ахуйдаа эдэлж, хэрэглэж байсан 800 эд зүйл нийт дөрвөн сая ам.доллароор арилжаалагджээ. Энэ мөнгө дуучны эцэг, эхийн байгуулсан мансууруулах бодист донтсон залууст туслах санд очих юм.
Алдарт дуучин Эми Уайнхаус 2011 оны зургаадугаар сард Лондон хотын Камден дүүрэг дэх гэртээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ.