Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан захирамжаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тэгвэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өчигдөр танилцууллаа. Уг төлөвлөгөөний боловсруулах ажлын явц болон мэдээллийг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.
Тэрбээр “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийг боловсруулж, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд хоёр удаагийн цахим хэлэлцүүлэг хийсэн. Монгол Улсын Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг, хороодоос санал авч зөвшилцөх хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж тэдний санал, зөвлөмжийг авсан. Үндсэн судалгааны ажлуудыг 2017-2018 оны хооронд хийсэн байгаа. Төлөвлөгөөний концепцыг 2019-2020 оны хооронд боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулан, батлуулсан. Харин төлөвлөгөөгөө боловсруулах ажлыг 2020-2021 онд хийж байгаа. Төслийг боловсруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулсан” гэв.
Төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа.
Тэрбээр “Энэ оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар 29 хүртэлх хугацаанд иргэдээс санал хүсэлт хүлээн авсан. Нийт 32,230 иргэн санал өглөө. Үүнээс хамгийн их тулгамдсан асуудал нь автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж болон цар тахал, хүнсний аюулгүй байдал зэргийг дурдсан байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэг төвт хотоос олон төвт хот болгоход чиглэсэн томоохон ажлууд бий. Хүн ам, барилгажилтын хэт төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хоёр хотын төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвийг байгуулна” гэлээ. Хоёр хотын төвийг Их тойруу болон Яармагт байгуулах аж.
Мөн нийслэлийн бүсэд 2040 он гэхэд 2.1 сая хүн амтай байна хэмээн тооцоолжээ. Дагуул хот, тосгодыг 15 байвал зохистой хэмээн үзэж 440 мянган хүн оршин сууснаар хүн амын төвлөрлийг бууруулна хэмээн үзэж байгаа аж. Эдгээр дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 140 мянган ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн үзжээ. Дагуул хот болон тосгодыг нийслэл хоттой 1125-2463 километр замаар холбон хэмээн тооцоолсон байна.
Ингэхдээ Богдхан уулын урд хэсгээр 135.8 километр урттай транзит ачаа тээвэрлэлт хийх зориулалт бүхий төмөр замыг шинээр тавих ажээ. Дагуул хот, тосгод болон нийслэл хооронд 143 километр замд хөнгөн галт тэрэг ашиглахаар төлөвлөсөн байна. Мөн автозамын түгжрэлийг бууруулж, иргэдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийтийн тээврийн төрлийг нэмэх аж. Үүнд, автобус, цахилгаан автобус болон трамвай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр нийтийн тээврийг нэвтрүүлснээр өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, одоогийн хүчин чадлыг хоёр дахин нэмнэ хэмээн үзэж байгаа юм. Түгжрэлийг бууруулахын тулд явган хүний зам 1060 километр, дугуйн зам 633 километр, автозамын сүлжээ 1739 километр, гүүрэн байгууламж 30, олон түвшний уулзвар 14, нүхэн гарц есийг байгуулах аж. Эдгээр байгууламжийг барьснаар оргил цагийн замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ хэмээн үзжээ.
Өнөөдрийн байдлаар сургуулийн хангамж 84.4 хувь, цэцэрлэгийн хүртээмж 59.7 хувьтай байна. Иргэн бүрд нийгмийн тэгш хүртээмжийг хангах үүднээс сургуулийн хангамжийг 100 хувьд хүргэж хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулах аж. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд байрлах цэцэрлэг, сургуулийн тоог одоогийнхоос хоёр дахин өсгөх юм байна. Нийгмийн дэд бүтцийн хүрээнд бүтээн байгуулж буй барилга байгууламжийн хамгийн их анхаарал хандуулж буй чиглэл нь соёлын төв, спорт цогцолбор болон музей ажээ. Музейн зориулалтын барилга байгууламжийн талбайг долоо дахин нэмэгдүүлж 216 м.кв болгон хэмээн тооцоолжээ. Харин спорт цогцолборын байгууламжийн талбайг гурав дахин нэмж 418 м.кв болгох бол соёлын төвийн суудлын хэмжээг гурав дахин ихэсгэж 52 мянга болгох аж.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр, гэр хорооллын хөгжил, ногоон байгууламж, гамшгийн менежмент, инженерийн дэд бүтцийн төлөвлөлт зэргийг ч тусгасан байна. Ингэхдээ дунд оврын цэвэрлэх байгууламжуудыг ашиглалтад оруулах, хийн түлшээр гэр хорооллын айл өрхийг хангах аж. Дулаан хангамжийн эх үүсвэрийг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан гэх гурван төрлөөр эрчим хүчний хэрэглээг хангана хэмээн тооцоолсон байна. Мөн айл өрхүүдэд ус түгээхдээ худгийн системийг ашиглахаар төлөвлөжээ. 2023 оноос 5G технологи нэвтрэхтэй холбоотойгоор гэр хорооллын бүсэд кабелийн үндсэн сүлжээг тавих аж.
Цахилгаан хангамжийн хувьд ирээдүйд баригдах дэд станцуудаар Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх хүн амын цахилгааны хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж төсөлд тусгажээ. Мөн байгаль орчны эко систем, тэнцвэрт байдлыг хамгаалах, агаар орчны бохирдлын эсрэг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 22 цэцэрлэгт хүрээлэн барих аж. Ингэхдээ нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг долоо дахин нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 74.3 га талбай бүхий ногоон байгууламж бий. Ногоон байгууламжийг 2040 онд 5775 га талбай болгох аж.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )