Дэлхийн 170 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “The Institute of Internal Auditors” буюу Дотоод Аудиторуудын Институт байгууллагын Монгол дахь албан ёсны цор ганц салбар болох "Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Ж.Оюумаатай мэргэшсэн дотоод аудитор (Certified Internal Auditor® /CIA®) олон улсын мэргэжлийн цолны талаар ярилцлаа.
-Олон Улсын Мэргэшсэн дотоод аудитор (Certified Internal Auditor® /CIA®) цол гэж юу болох, яагаад энэ цолыг авах нь чухал байдаг талаар яриагаа эхлэх үү?
-Мэргэшсэн дотоод аудитор (Certified Internal Auditor® /CIA®) цол нь дотоод аудит, хяналтын чиглэлээр ажиллаж байгаа аудиторуудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартайг илтгэдэг цол бөгөөд манай толгой байгууллага болох The IIA олгодог.
Бид мэргэшсэн нягтлан бодогч /ACCA/, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч /CIMA/, мэргэшсэн санхүүгийн шинжээч /CFA/ зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цолуудын талаар маш сайн мэддэг, яг түүнтэй адил мэргэшсэн дотоод аудитор (Certified Internal Auditor® /CIA®) цолыг авах нь хувь хүнд мэргэжлийн үнэ цэнийг бий болгож, өнөөгийн болон ирээдүйн олон сорилтуудад бэлтгэгдсэн хүн гэдгээ дэлхий нийтэд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.
-Олон улсын сертификаттай цол зэрэг нь дотоодын олгож байгаа цол зэргээс юугаараа ялгаатай вэ?
-Олон улсын гэж тодотгоод байгаа нь ерөөсөө л олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг л илэрхийлж байгаа юм. Энэ цолны цаана олон улсад мөрдөгддөг шалгалтын агуулга болон стандарт, үнэлгээний ижил шалгуур байгаа гэж ойлгож болно. Дэлхийн 170 гаруй орны цол авахаар шалгалт өгч буй аудиторууд нэг цаг хугацаанд, нэг ижил агуулга болон стандартын хүрээнд шалгуулдаг, үнэлгээ нь хэн нэгэн багшийн үзэмжээр бус хараат бусаар үнэлдэг нь давуу, онцлог юм.
-Шалгалтын нэг ижил стандарт, агуулгын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Шалгалт нь дотоод аудитын мэргэжилд шаардлагатай гол агуулгуудыг бүгдийг хамарсан, цэгцтэй бөгөөд ойлгомжтой, асуултуудын давхцал хамгийн бага, ижил форматын дагуу боловсруулагдсан байдаг. Мөн дотоод аудитын мэргэжлийн практикийн хүрээ буюу бидний нэрлэж заншсанаар мэргэжлийн стандартын хүрээнд бүрэн нийцэхээс гадна тухайн цаг үеийн аудитын үйл ажиллагааны практик дахь сайн туршлагуудаар шалгалтын агуулгыг баяжуулж, сайжруулдаг нь бас нэг давуу талтай. Энгийнээр тайлбарлавал мэдлэг, ур чадвар өндөртэй дотоод аудитор байхын тулд шалгуулагчаас эзэмшсэн байвал зохих мэдлэг, ур чадвар, чансааг харуулах агуулгатай байна гэсэн үг.
-“Мэргэшсэн дотоод аудитор (Certified Internal Auditor® /CIA®)” цол эзэмшсэн хэр олон хүн байдаг юм бол?
-1974 оноос хойш энэхүү цолыг манай толгой байгууллага болох Америкт төвтэй “The Institute of Internal Auditors” байгууллагаас олгож эхэлсэн бөгөөд одоогоор 170 гаруй орны нийт 175,000 гаруй гишүүн энэхүү цолыг эзэмшиж байгаа. Монголд 5 жилийн өмнө IIA Mongolia салбараа албан ёсны эрхтэйгээр үүсгэн байгуулж байх үед бид 1 олон улсын мэргэшсэн дотоод аудитор цолтой гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд манай мэргэжлийн байгууллага 500 орчим идэвхтэй дэмжигч гишүүдтэй болж үүнээс 10 - аад гишүүн нь олон улсын цол хүртсэн амжилттайгаар хүрээгээ тэлсэн байна. Цаашид бид улам олон болгохоор зорин ажиллаж байна.
-Тус цолыг эзэмшсэнээр хувь хүнд ямар давуу талууд бий болох вэ?
-Маш олон давуу талуудыг дурьдаж болно. Үүнд:
Нэгдүгээрт: Өмнө нь хэлсэнчлэн мэргэжлийн ур чадвараа дэлхийд баталгаажуулж, тухайн хүний мэргэжлийн үнэлэмж, итгэл үнэмшил, хүндэтгэлийг нэмэгдүүлэх,
Хоёрдугаарт: Шалгалтанд бэлтгэх хугацаандаа мэргэжлийн стандартын хүрээ болон практик хослуулсан ур чадвараа улам ахиулж, мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгах,
Гуравдугаарт: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол тул ахиж дэвших болон нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлэх
Дөрөвдүгээрт: Дэлхийн өнцөг булан бүрт байгаа 175,000 гаруй мэргэшсэн дотоод аудиторуудын сүлжээнд нэгдэж нетворкинг хийх боломжуудыг атгаж байгаа юм.
-Энэ цолыг авахаар зорьж буй болон шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст зориулан зөвлөгөө өгвөл?
-Нийт 3 үе шатаас бүрдэх шалгалтыг 3 жилийн хугацаанд цолоо авсан байх болзолтой. Одоогийн байдлаар шалгалтыг 13 хэлээр өгөх боломжтой тул аль нэг бүрэн эзэмшсэн хэлийг сонгоод шалгалтаа өгч болно. Ковид 19 нөлөөгөөр аудиторуудад дэлхийн өнцөг булан бүрээс гэрээсээ онлайнаар шалгалт өгөх боломжийг олгосон. Шалгалтыг амжилттай давахад хувь хүнээс тууштай байдал, хувийн зохион байгуулалт сайн байхыг л шаарддаг тиймээс сэтгэл санаагаа бэлдээд зорилго тавьсан байхад чадахгүй, хүрэхгүй даваа гэж бодохгүй байна.
Мөн мэргэшсэн дотоод аудитор цол авсан хүн жил бүр 20-40 цагийн тасралтгүй боловсролын сургалтанд /20-40 CPE hours/ хамрагдсан байх шаардлагыг THE IIA- аас тавьдаг. 1 CPE цагийг 50 минутаар тооцдог ба онлайн болон танхимын сургалт, вебинар, олон улсын болон дотоодын хурал уулзалталтууд, форумд оролцож CPE цагаа цуглуулдаг.
Манай IIA Mongolia салбараас зохион байгуулдаг CPE цагийн эрхтэй олон улсын контент бүхий сургалтуудуудад хамрагдсанаар мэргэшсэн дотоод аудиторууд CPE цагаа цуглуулах боломжтой юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.