Туркойз Хилл компанийн хувьцаа даваа гарагт 15 хувиар өсжээ. Тус компанийн 51 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани Монголын Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхээ мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь ийнхүү өссөн байна. Рио Тинто компанийн хувьд Оюу толгой зэс, алтны төслийн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг орд нь дэлхийн зэс, алтны хамгийн том уурхайнуудын нэгд тооцогддог юм.
Мөн зэсийн хэрэглээний тал хувийг эзэлдэг Хятадтай ойр оршдог нь тус компанийн хувьд чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ зэс нь цахилгаан тээврийн хэрэгсэлд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас 3-4 дахин их хэрэглэгдэх бөгөөд Хятад нь цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Оюу толгойн 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг Туркойз Хилл эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг Рио Тинто эзэмшдэг.
Хэрэв Оюу толгойн далд уурхай ашиглалтад орвол олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэхээр байгаа юм. Туркойз Хиллээс өнгөрсөн аравдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл удаашралтай байгаатай холбоотойгоор хөрөнгийн санхүүжилтийн шаардлага урьд тооцоолж байснаас өндөр байх болно гэж хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байсан билээ. Харин уг асуудлаар Монголын Засгийн газар Рио Тинтотой саяхан тохиролцоонд хүрсэн. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинтогоос Монголын Засгийн газрын төлөх 2.3 тэрбум ам.долларыг тэглэхийг санал болгосон захидал хүлээн авсан аж. Түүнчлэн Рио Тинтогоос Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 2023 он гэхэд дуусна гэдгийг бататгажээ.
Хэдийгээр Рио Тинто төслийн санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл өгч байгаа ч тулгамдсан бүх асуудал шийдэгдээгүй гэдгийг гаднын ажиглагчид онцолж байгаа юм. Рио Тинтогийн тавьсан саналын талаар Туркойз Хиллээс "Хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд талууд гэрээг эцэслэн шийдвэрлэхээр анхаарлаа хандуулж байна” гэжээ. Ямартай ч хөрөнгө оруулагчид Оюу толгойд хөрөнгө оруулахдаа эргэлзэхээргүй болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын яг одоо худалдаж авах хэрэгтэй хамгийн шилдэг 10 хувьцааны нэгээр Туркойз Хилл нэрлэгдээд байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )