ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг  Улсын Их Хурлын чуулганаар энэ долоо хоногт  баталлаа.  

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас 2020 оны 10 дугаар сард гарсан бөгөөд ФАТФ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн хэвээр байгаа билээ. 

Энэ хүрээнд ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.

Дэлхий дахинд хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшилтэй зэрэгцэн виртуал хөрөнгийн салбарын зах зээл манай оронд ч эрчимтэй тэлж байна. Үүнтэй зэрэгцэн салбарын зохицуулалт, олон нийтийн тодорхойгүй байдлыг арилгах, санхүүгийн залилан, луйвраас хамгаалах, олон улсын стандарт шаардлагыг хангах хүрээнд тус салбарын хууль эрх, зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүсээд байна.

Иймд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчныг бий болгох зорилгоор 2020 оноос эхлэн олон улсын туршлагыг судалж, хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр ажиллаж буй.

 Улмаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон бусад олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулж, УИХ-д 2021 оны 5 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар өргөн барьсан билээ. 

УИХ-аас Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг (төр, хувийн хэвшил хамтарсан) Эдийн засгийн байнгын хороо болон Инноваци, цахим бодлогын байнгын хороодтой хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулан хамтран ажиллалаа.

 “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын тогтолцоо бүрдэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийг тодорхойлох, салбарын эрсдэлийг үнэлэх, стандарт шаардлагад нийцсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй болох зэрэг ач холбогдолтой юм.

Хуулийн эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top