Худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 6 жилийн өмнөхөөс 12.9%-иар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66.0 (5.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 4.6 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 890.8 мянган төгрөг байна.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны гуравдугаар улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 53.7 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 12.9 хувиар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 26.2 хувь, харин 3.0 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 5.9 хувь байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Баруун бүсэд 931.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 1.1 сая төгрөг, Төвийн болон Хангайн бүсэд 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 130.4-403.4 (9.8%-30.2%) мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2021 оны гуравугаар улирлын байдлаар 1.4 сая төгрөг болж, улсын дунджаас 108.7 (8.1%) мянган төгрөгөөр их байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын медиан цалин 933.0 төгрөг байна. Медиан цалин гэдэг нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин гэж ҮСХ-ноос тайлбарладаг.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 46 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 712.5 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 мянга буюу 3.9%-иар,  өмнөх улирлаас 492 буюу 1.1%-иар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 14.9 мянга буюу 2.1%-иар,  өмнөх улирлаас 14.3 мянга буюу 2%-иар өсжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top