Буриадад монгол охинд зориулан хандив цуглуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Шинэ он гарсны дараа олон нийтийн сүлжээнд Долгор хэмээх 4 настай охинд эмчилгээний зардал хэрэгтэй болж, хандив цуглуулж байгаа талаар мэдээлэл нийтлэгдэж ирсэн билээ.

Охин "Вильмсийн хавдар" хэмээх өвчин тусч, Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа юм. Долгор охинд 8-10 сарын химийн эмчилгээ, 3-4 удаагийн нарийн цацраг туяан эмчилгээ, 1 сарын өндөр тунт химийн эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн суулгах ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд төлбөр нь ойролцоогоор 600 сая төгрөг болох гэнэ.

Энэ мэдээг уншсан олон нийтийн сүлжээний “Россия-Монголия, Монгол-Орос” группын админ Дора Хамаганова Буриадад хандив цуглуулж эхэлсэн байна. Энэ сарын 9-ний байдлаар нийт 8 сая рубль цуглараад байгаа гэнэ.

Долгор охины эмээ “Ач охины минь эмчилгээнд зориулан мөнгө илгээсэн Буриадын ард түмэн, ОХУ-ын иргэдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэг хүн 70 копеек явуулсан бол нэг хүн гэрт ирээд 200 мянган рубль өгчихөөд “Битгий нэр зарлаарай” гээд явсан. Охин минь Монголын иргэн болохоор ОХУ-ын буяны сан, байгууллагаас тусламж авах эрхгүй. Гэхдээ Буриадын алдартай блогчин, сэтгүүлч, урлагийнхан их туслаж байна. ОХУ-ын төв мужийн иргэдээс хүртэл хандив ирж байна. Солонгосын эмнэлэгт зарим шинжилгээг үнэгүй хийж өглөө. Долгор охинтой минь хамт эмчлүүлж байгаад нас барсан хүүхдийн аав ээж нь “Бид хүүхдээ аварч чадсангүй. Та нар заавал авраарай” гээд эчмилгээний үлдсэн мөнгөө өгсөн байсан. Хөлсөлж байгаа байшингийх нь гадаа солонгосчууд шинэ жимс, ногоо байнга тавьдаг гэсэн. Энэ олон түмний буянаар эмчилгээ амжилттай болно гэж найдаж байна” гэж Буриадын “Байкал” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.21) 2022 оны 01 сарын 11

Нэг Ч гэсэн монгол хүүхэд овчнөөсөө салгаж , эрүүл болоосой , буриад олондоо баярлалаа

3  |  0
Top