ДЭЛХИЙН ТОЙМ: ОХУ, НАТО-гийн хэлэлцээ: Талууд юу ярив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Умард Атлантын эвслийн Брюссель дэх төв байранд Орос, НАТО-гийн зөвлөлийн хуралдаан болов. Сүүлийн хоёр гаруй жилд анх удаа болж буй хэлэлцээ дөрвөн цаг үргэлжилжээ. Хэлэлцээний үр дүнг дүгнэхдээ талууд Европт шинэ зэвсэгт мөргөлдөөн үүсэх аюул байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ нь ОХУ, барууны хооронд аюулгүйн байдлын асуудлаар  хийж буй гурван уулзалтын хоёр дахь нь байв. Эхний уулзалт энэ сарын 10-нд Женев хотноо ОХУ, АНУ-ын хооронд болсон бол гурав дахь арга хэмжээ Вена хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шугамаар болно.

Брюссельд Оросын талыг гадаад хэргийн дэд сайд Александр Грушко, батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар төлөөлсөн бол АНУ-г Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман төлөөлж, хуралдааныг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даргалав.

Столтенберг юу хэлэв

НАТО-гийн гишүүн холбоотнууд, Оросын хооронд ноцтой саналын зөрчил бий. Үүнийг даван туулах нь хүнд асуудал ч хэлэлцээг эхлүүлэх ёстой байсан. Бид Европын аюулгүй байдлын үндсэн зарчмын асуудал дээр буулт хийхэд бэлэн бус байна. Орос улс дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг зөрчин, Европт энэхүү гэрээгээр хориглосон пуужинг байршуулсан. Оросын цэрэг Гүрж, Украин, Крым, Молдавт эдгээр улсын Засгийн газрын зөвшөөрөлгүй байрлаж байна. Орос нь Европын улс орнуудын нутаг дэвсгэрт химийн зэвсэг хэрэглэж, дотоодынхоо ардчилсан сөрөг хүчнийг дарж байна.

Европ дахь мөргөлдөөний эрсдэл

НАТО Орос улстай цөмийн бодлого, пуужингийн зэвсгийг харилцан хязгаарлах зэрэг асуудлыг хэлэлцэх сонирхолтой байна. НАТО хэрэв Орос улс хүч хэрэглэвэл улс төр болон эдийн засгийн ноцтой үр дагавартай тулах болно гэсэн дохио өгсөн. НАТО холбоотнуудаа хамгаалах болно.

Украины талаар

НАТО-гийн гишүүн орнууд Орос улс Украинд тус эвсэлд элсэхэд нь хориг тавих эрхгүй гэдэгт санал нэгтэй байгаа. НАТО Киевт дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

Орос улс Украины эсрэг цэргийн хүч ашиглаж байсан. 2014 онд Орос улс Украины нэг хэсэг болох Крымийг эзэлж, Донбасст хурцадмал байдлыг үүсгээд байна. Талууд Украиныг тойрсон нөхцөл байдал, Европын аюулгүй байдлын асуудлыг нухацтай авч хэлэлцсэн.

Холбоотнууд Москва НАТО дахь төлөөлөгчийн газраа хаасанд харамсаж байгаа бөгөөд Москва дахь НАТО-ийн төлөөлөгчийн газрыг хаасанд мөн харамсаж байна.

Москва юу гэж мэдэгдэв

ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд А.Фомин мэдэгдэхдээ Орос, НАТО-гийн харилцаа доод түвшинд хүрээд байна. Москва хурцадмал байдлыг намжаах талаар санал дэвшүүлсэн ч НАТО-гийн талаас үл ойшоосон. Энэ нь мөргөлдөөн үүсэх урьтал нөхцөлийг бий болгож байна.

Москва нь НАТО Украин болон бусад улсын тусламжтай дорно зүгт тэлэхгүй байх, Европт АНУ-ын дунд болон ойрын зайн тусгалтай пуужин байрлуулахгүй байх, Европ дахь цэргийн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг тавьж байгаа. Украин НАТО-д элсэх асуудал нь сонголтын эрхийн асуудал биш. Москва үүнийг заналхийлэл гэж харж байна.

Москва эвслийн гишүүдийн чихэнд нөхцөл байдал тэсвэрлэшгүй болж буйг хүргэсэн.

АНУ болон түүний холбоотнууд хуурай газар, агаар, тэнгис, сансар болон цахим орчинд давамгайлахыг оролдож байна.

Москва Брюссель болон Москва дхь төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг сэргээх тухай НАТО-гийн тавьсан саналыг анхааралдаа авлаа гэж ОХУ-ын Гадаад хэргийг яам онцолжээ.

Орос, НАТО-гийн зөвлөл гэж юу вэ?

Орос, НАТО-гийн зөвлөлийг 2002 онд хоёр талын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор байгуулжээ. Энэ бүтцийн оролцоотой цэрэг, техникийн хамтын ажиллагааны тухай, хамтарсан сургуулилт явуулах тухай хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.

2008 онд Орос, Гүржийн хооронд гарсан цэргийн мөргөлдөөний дараа талуудын хооронд ноцтой зөрчил эхэлсэн. Тухайн үед зөвлөлийн үйл ажиллагааг зогсоосон ч хагас жилийн дараа сайдын түвшинд сэргээжээ.

2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэснээс үүдэн талуудын хооронд дахин зөрчил үүссэн. Үүний хариуд НАТО-гийн гишүүн орнууд Москватай холбоотой цэрэг болон иргэний хамтын ажиллагаагаа тодорхой хугацаанд зогсоож байв.

Хамгийн сүүлд Орос, НАТО-гийн зөвлөл 2019 онд хуралдсан.

2021 оны аравдугаар сард хоёр талын хооронд үүссэн зөрчил улам хурцадсан. НАТО-гийн удирдлагууд тус байгууллагын дэргэд суугаа Оросын төлөөлөгчийн газрын орон тоог хоёр дахин цомхтгож, найман дипломатыг хөөж, хоёр албан тушаалыг татан буулгасан. Столтенберг эдгээр ажилтныг “Оросын тагнуулын нууц ажилтнууд” хэмээн нэрлэж байсан юм. Үүний хариуд Москва НАТО-гийн дэргэд суугаа төлөөлөгчийн газар болон Москва дахь НАТО-гийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг түр зогсоож, Москва дахь эвслийн мэдээллийн товчоог хаасан билээ.

Брюссель дэх хэлэлцээний дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга тус эвсэл Москва дахь төлөөлөгчийн газраа дахин нээхэд бэлэн буйгаа илэрхийлж, Брюссель дэх Оросын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг сэргээхэд урьдчилсан нөхцөл тавихгүй гэж мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.10) 2022 оны 01 сарын 13

Барууныхан Ирак, Ливи, Сири, Афганистан, Вьетнам зэрэг улсуудад очиж нутаг дэвсгэр дээр нь дайн хийсэн. Украйн бол Оросын хил. Иймд Орос мөн тэдний адил Украйнд дайн хийж яагаад болохгүй гэж? адилхан юм биш үү?

0  |  0
zochid(192.82.85.217) 2022 оны 01 сарын 13

Orosuud mash ih turemgii buduuleg uil ajillagaa yavuuldag uuruusuu jijig ulsuudiig hartsaaraa udirdaj hudulguj bh durtai ih deerelhuu handdag tiim bolohoor busad ulsuud orostoi niilehiig husdeggui baruunii ornuudiig tushij bn jijig ulsch bailaa geed uursdiinerih ashgiig hamgaalahgui bh uu tednii hentei negdej henii tald orohiig orosuud zaaj uguh uu naad buduuleg orosuudaa jaahan soel bolovsrold surgaach baruuniihaan 21 zuun garaad humuus hugjil devshil uud yavj baihad orosuud bahi baidgaaraa 20 zuuniihaa yamiig yariad l suuj bh yam

0  |  0
Top