Сар шинийн баярын өдрүүдэд бууз, баншны эрэлт нэмэгддэг. Үүнийг дагаад иргэд чанарийн шаардлага хангаагүй нөхцөлд хийсэн, гарал үүсэл нь тодорхойгүй, сав баглаа боодолгүй, килограммын задгай бууз, баншийг худалдан авдаг. Хэдийгээр энэ нь үнэ ханшийн хувьд хямд тусдаг ч эрүүл ахуй, эрүүл мэнд талаасаа аюултай болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс бүтээгдэхүүний хаяг, шошгийг сайн харж, худалдан авалт хийх ёстой. Сүүлийн өдрүүдэд нийтийн эзэмшлийн талбай дээр ил задгай худалдаа олноор гарч байна. Чанарын шаардлага хангахгүй эдгээр газраас бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Манайхан бууз, баншийг гар аргаар бэлтгээд, 5-6 цаг гадаа хөлдөөдөг. Агаарын бохирдол их байгаа ийм үед тухайн бүтээгдэхүүнд гадны бохирдол үүсэх эрсдэл өндөр байдаг Тиймээс зориулалтын хөлдөөгчинд, үйлдвэрийн орчинд хийсэн бууз, банш худалдан авахыг сануулж байна” гэж ярилаа.
Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэж ярьж байгаа боловч угтаа тэмээ, ямааны махыг хольж хийж байсан тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоож байжээ. Тэр нь нян үүсэх орчныг бүрдүүлдэг тухай мэргэжилтнүүд хэлэв.
Монголын хүнсчдийн холбооны менежер Т.Ариунаа энэ тухайд “Төвлөрсөн халуун усны сүлжээгүй, ажилчдын ариун цэврийн байдлыг бүрэн хангаагүй газар гар аргаар бууз, банш бэлтгэж буй тохиолдол олон илэрдэг. Гэрийн нөхцөлд хийсэн тэр бууз, баншаа гэр хорооллын дэлгэрүүдээс гадна фэйсбүүкээр худалдаж, иргэдэд нийлүүлдэг. Тиймээс эрүүл мэнддээ эзэн болж, чанартай баталгаатай газраас бууз, баншаа худалдан авахыг иргэдэд уриалж байна” гэдгийг анхааруулж, сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )