"БЭЭЖИН -2022" олимпын сүүлийн өдөр

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 20

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Өнөөдөр Өвлийн олимпийн XXIV наадмын сүүлчийн өдөр. "Бээжин-2022" түүх болон үлдэж, дурсамж болон өндөрлөх цаг ирлээ.

Урьд өмнөх бүх л олимпийн адил дуулиантай, шуугиантай, супер амжилтууд, шинэ баатруудтай, дэлхий , олимпийн рекордтой, болдгоороо л боллоо.

Хэдийгээр цар тахлын үед боловч  амжилттай болж, спорт сонирхогчдод баяр баясгалан, аз жаргал авчирсаан.

Олимпийн "базаагаар" өөрийн үзсэн, харсан, уншсан, дуулсанаа бага ч  болов хуваалцлаа.

Одоо спортын зарим гол төрлүүд дээр, сонирхдог, үздэг, уншдаг төрлүүдээр нь нэг "базнаа".

Мэдээж Өвлийн олимпийн спортын төрлүүдээс хоккей, уран гулгалт, гүйлтийн цана, тэшүүр, биатлон, шорт-трекийг илүү үздэг, ойлгодог. Тиймээс ч энэ төрлүүд дээр "базаагаа" бичнэ.

Харин цанын хоёр төрөлт, скелетон, чарга, бобслей, трамплин, уулын цана, кёрлинг зэргийг бичих хэцүү, юу ч гэж бичмээр юм ойлгодоггүй.

Трамплин дээр сайхан харайлаа, чарга, бобслей, скелетон дээр уналгүй, хурдан давхилаа , кёрлинг дээр сүүлчийн чулуугаа гоё гулгууллаа гэлтэй биш. Мэдээж дүрэм, журмыг нь ойлгодог ч тухайн спортын дунд нь орж, "амьдаар нь" үзэж байгаагүй, эсвэл техникийн гүйцэтгэл, шүүгчдийн оноо өгөх журмыг мэдэхгүй бол бичих ч боломжгүй, бичсэн ч "амьгүй", хоосон, хуурай болдог. Өнөө үед статистик, дүнг бол хэн ч харчихдаг болсон.

Олимпийн бобслей, чарга, скелетонийг "амьдаар нь" үзэж байсан ч ёстой урамгүй, хажуугаар тачигнаад л сүн гээд л өнгөрнө, олигтой ч харж амжихгүй. Цагт 130-150 км хурдтай явж буй юмыг яаж ч харж амжих вэ дээ.

Цанын фристайл, сноуборд, уулын цана ч гэсэн ялгаагүй ээ. Сайн мэдэхгүй, уншиж судлаагүй юмыг бичээд ч хэрэггүй гэж боддог.

Тиймээс эдгээр төрлүүдийн эргэн тойронд болсон гол мэдээг нэгтгээд нэг бичнээ.

За ингээд " далийгаад" , сунжраад явчихсан бол уншигч авхай Танаас уучлал хүсье!

УРАН ГУЛГАЛТ:

За үзэгчдийн хамгийн их сонирхдог, үздэг төрлийн нэг. Аргагүй ээ, спорт, урлаг хосолсон, тансаг нандин төрөл.

Олимпийн хөтөлбөрт уран гулгалтынхан таван төрөлд медалийн төлөө өрсөлддөг. Багийн, бүжгийн хос,спортын хос, эрэгтэй , эмэгтэй ганцаарчилсан төрөл гээд.

"Бээжин-2022" олимпийн хамгийн их дуулиан, шуугиан дагуулсан, тэрнээсээ болоод хамгийн олон хүн сонирхон үзсэн спортын төрөл бол уран гулгалт( ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөл) болсон.

Оросын тамирчин, 15 настай Камила Валиеватай холбоотой " асуудал" дэлхийг хамарч, бүхнийг талцуулсан ч энэ асуудалд цэг тавих цаг мөдгүй, сар, он, жилээр үргэлжлэх байх.

Тэгэхээр энэ тухай дахин өгүүлэхгүй.

Багийн төрөлд Оросын олимпийн хорооны багийг гарцаагүй түрүүлнэ гэсэн таамаг байсан ч богино үзүүлбэрийн дараа гол өрсөлдөгч АНУ-ын багт дийлдэж магадгүй болоод ирсэн тул чөлөөт үзүүлбэрт Оросууд Камила Валиеваг дахин " сойж", татар охин ч торойтол түрүүлээд багтаа чухал 10+10=20 оноог нэмэрлэсэн. Тодруулж хэлэхэд багийн тэмцээнд эр, эм ганцаарчилсан, бүжгийн болон спорт хос тус бүрт 1-10 оноо( түрүүлсэн нь 10 оноо, хоёрт орвол 9, гуравт орвол 8, дөрөвт 7, тавд 6 оноо... 10 байрт 1 оноо гэх мэтээр) өгч, нийлбэр дүнг гаргадаг. Мөн богино болон чөлөөт үзүүлбэрт багууд өөр өөр тамирчин оруулсан ч болдог.

Ингээд богино үзүүлбэрийн дараа ООХ 36, АНУ 34, Япон 29 оноотой эхний гуравт бичигдсэн. Чөлөөт үзүүлбэрт ООХ 38, Япон 34, АНУ 31 оноо ч, нийлбэрээр Оросын баг 74 оноогоор алт, АНУ -ын баг 65, Японы баг 63 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. АНУ-ын баг чөлөөт үзүүлбэрт Нэтан Чэнийг биш Винсент Жоуг оролцуулж, эмэгтэй ганцаарчилсан, бүжгийн хосод эхний гуравт ч шалгарч чадаагүй нь амжилтад нь нөлөөлсөн.

Оросын багийн бүрэлдэхүүнд Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина/ Александр Галлямов, Виктория Синицина/ Никита Кацалапов багтсан.

Бүжгийн хос( мөсний бүжиг) төрөлд "Пёнчан-2018" олимпийн мөнгөн медальт, Дэлхийн дөрвөн удаагийн аварга , энэ төрлийн онооны бүх дэлхийн рекордыг эзэмшдэг Францын хослол Габриэлла Пападакис/ Гийом Сизерон нар түрүүлсэн. Түрүүлэхдээ бүүр дэлхийн рекордыг хоёр ч удаа шинэчлэн түрүүллээ. Богино үзүүлбэрт 90,83 оноо, нийлбэрээр 226,98 оноо. Гайхамшигтай гулгасаан. Бүүр дөрвөн жилийн өмнө Францын хослол "хувцасны асуудал" гараагүй бол бараг олимпийн аварга болчих байсан даа.

Мөнгөн медаль хүртсэн Оросын хослол, 2021 оны дэлхийн аварга Виктория Синицина/ Никита Кацалаповыг бас зориуд дурьдах хэрэгтэй байх. Улирлын эхэнд бүсгүй нь нуруундаа бэртэл авсан, дараа нь залуу нь өвдгөндөө гэмтэл авсан гээд олимпод оролцох эсэх нь эргэлзээтэй байсан хоёр шүү дээ.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд хүсэн хүлээсэн Чэн-Ханюгийн "дуэль" болсонгүй. Йелийн их сургуулийн оюутан, дэлхийн 3 удаагийн аварга АНУ-ын уран гулгагч, хятад гаралтай , армен-орос дасгалжуулагчтай Нэтан Чэн өмнөх олимпод бүтэлгүйтсэн алдаандаа нухацтай дүгнэлт хийсэн бололтой хийгүй гулган, шилдэг төдийгүй аугаа гулгагч гэдгээ нотолсон. Түүний техник, гүйцэтгэл, сэтгэл зүй бол аргагүй л " өөр ертөнц" юмаа.

Олимпийн хошой , дэлхийн хошой аварга Японы Юзүрү Ханю богино үзүүлбэртээ маш том алдаа гарган, бүүр наймдугаар байр руу " шидэгдсэн" тул алтын хувь заяа ер нь эрт тодорхой болсон л доо. Японы Юма Кагияма, Шэма Уно нар сайн, гэхдээ одоогоор олимпийн аваргын түвшинд хүрэхээр биш.

Ханюг гэхдээ биширлээ. Бас маш олон гэмтэл, бэртэл гээд бараг жил гаран огт томоохон тэмцээнд гулгаагүй хүн. Японы АШТ-ийг эс тооцвол.

Богино үзүүлбэрийн дараа наймд байсан ч нийлбэр дүнгээр дөрөвт орж, медальд тун ойрхон очсон.

Тэрбээр чөлөөт үзүүлбэртээ риск хийлгүй, алдаагүй гулгаад медаль авчих боломж байсан. Гэхдээ олимп, дэлхийн аварга хүн хүрэл медальд "шунахаас" илүү уран гулгалтын түүхэнд дөрвөлсөн аксель амжилттай гүйцэтгэсэн анхны гулгагч хэмээн бичигдэх нь илүү чухал байсан байх. Бодол дотор нь орж үзсэн биш яг цав мэдэхгүй л дээ. Тэгэхдээ л надад л лав тийм бодол төрсөөн. Ханюг зодог тайлахыг чухам энэ дөрвөлсөн аксель амжилттай гүйцэтгэх хүсэл, зорилго нь л хойшлуулаад байгаа гэдэг.

Тэр оролдсон, гэхдээ чадсангүй. Олимпийн мөсөн дээр ийм эр зориг гаргах, золиос хийх амаргүй л дээ. Зөвхөн үүнд нь гэхэд Ханюд гүнээ талархах ёстой.

Чан, Ханюгийн үе өндөрлөх тийшээ хандаж байна. Гэхдээ АНУ-ын 17 настай , Илья Малинин гээд хүү байгаа. Энэ олимпод ирсэнгүй, америкууд авсангүй.Уг нь АНУ-ын аваргаар мөнгө авсан юм. Энэ нэрийг тогтоогоод аваарай! Орос эцэг, эхтэй( хоюулаа уран гулгагч), Америкт төрсөн хүү.

Дөрвөлсөн бүх эргэлтийг хийдэг, 4 тулуп-4 риттбергер, 4 сальхов-ойлер-4 сальхов гэсэн маш хүнд каскад эзэмшсэн гэж байгаа.

За юу болоод олимпийн уран гулгалт байснаа Малинин болоод явчив гэвэл Чэн, Ханюгийн залгамж халааг эртнээс танилцуулах гээд яарсных шүү!!!

Эмэгтэй ганцаарчилсан төрлийг бүгд үзсэн, харсан, мэдсэн, мэдэмхийрсэн учир маш товчоор базая!

Олимпийн аварга Анна Щербакова . Гайхамшигтай тэвчээр, уран тансаг , уян налархай гулгалт, ялдам инээмсэглэл, янзын нарийн мэдрэмжтэй. Тэр биеээ "контрольдож" байгаа, сэтгэлийн хөдлөлөө нууж байгаа чадвар бишрэм. Хэрэгтэй үед хэрэгтэй зүйлээ л хийдэг, алдаагүй. Тиймдээ ч олимп, дэлхийн аварга боллоо.

Мөнгө хүртсэн Александра Трусова аугаа, аугаа. Анх удаагаа нэг программ дээр дөрвөн эргэлттэй үсрэлт тавыг хийлээ. Богино үзүүлбэр дээрээ гурвалсан аксель хийж, унаагүй бол олимпийн аварга болох бүрэн боломж байлаа, чадалтай.

Шартай, өөрийнхөөрөө, хурц. Тамирчин хүнд байх ёстой л зан чанарууд. Унасан ч байсан би богино үзүүлбэрт 3 акселаа хийсээр л байх болно гэж байгаа нь итгэлтэй, зорилготой, тууштайг нь нотолж байгаа юм.

Камилагийн тухай зөндөө бичсэн, цаашид ч бичих учир энэ удаа өнжье!

Харамсалтай, дэндүү харамсалтай л гэж хэлье дээ.

Спортын хос гулгалтад Хятадын хослол Суй Вэн Жин/ Хао Цүн дэлхийн рекорд оноогоор (239,88) олимпийн аварга боллоо. Энэ хоёрын туулсан зам их, дардан байгаагүй ээ. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, асар их тэвчээрийн үр дүн, шагнал. Олон ч гэмтэл, бэртлийн дараа дахин, дахин боссон хоёр. Хао хөлөндөө гэмтэл авч уран гулгалтыг орхих шахаж байсан, дөнгөж 15 настайдаа. Дасгалжуулагчийн хүсэлт, шахалтаар хос гулгалтад үзээд алдахаар шийдсэн гэдэг.

Тэгтэл удалгүй Суйд бас асуудал үүсч. Тархины нүдтэй холбодог ( эпифизит буюу гурав дахь нүд гэгддэг юм байна) дөрвөн холбоос тасарсан гэсэн онош дуулж. Хос жил хагас уралдаан тэмцээнд орсонгүй. Эргэн мөсөн дээрээ гарсан ч 2016 онд Суй бэлтгэл дээр тархиндаа гэмтэл авч, нэг нүд нь хараагаа түр зуур алдсан байна. Суй холбоос, шөрмөс гээд баахан мэс засал хийлгэж, 9 сар хэвтрийн дэглэм барив. Дараа нь бүгдийг шинээр, бүүр зогсож, алхаж, дахин тэшүүрээр гулгаж " сурах" болж. Давжээ, энэ бүхнийг.

2018 онд Суй дахиад л бэртэж, ахиад л босч!

Ийм "бартаат" замыг туулахдаа Суй /Цүн хоёр дэлхийн аварга цолыг хоёр удаа хүртэж, гурван удаа мөнгөн медаль зүүсэн билээ. Дөрвөн жилийн өмнөх олимпод ердөө 0,43 оноогоор алтан медалиа алдаж, мөнгө дээр бууж байсан хятад гулгагчид энэ удаа , мөнгөн медаль хүртсэн Оросын хосоос бас ердөө 0,63 оноогоор илүүрхсэн.

Тэд 3 сальхов дээр алдаа гаргасан, үнэн. Бас бараг харайлт хийгээгүй гэж байна,  үнэн. Гэхдээ маш хүнд  техникийн элемент гэгддэг дөрвөлсөн шидэлт , өргөлт хийсэн, бас үнэн. Илүү гулгаагүй байж болно, ижилхэн сайн гулгасан нь үнэн.

Шүүгчид дэмжлээ, нутгийн дэвжээ түшлээ гэж байна. Бас л үнэн.

Илт ялаагүй тохиолдолд нутгийн дэвжээндээ байгаа тамирчдад ялалт ирдэг нь спортод байдаг л зүйл. Олимп Оросод болж байсан бол Оросын гулгагч түрүүлэх байсан байх. Гэхдээ илт булхай, улаам цайм луйвар бол биш ээ.

Аль ч улсын тамирчин байсан, нутгийн дэвжээ нь түшдэг, өссөн , төрсөн нутгийнх нь уул, ус нь өндөлздөг л биз дээ?

Мөнгөн медалийг хүртсэн Тарасова/Морозов, хүрэл хүртсэн Мишина/Галлямов нар ч аварга болох хэмжээний , алдаагүй, гоё гулгалаа. Түрүүлэх өдөр ирнээ, эдэнд.

Эцэст нь энэ олимпийн уран гулгалтын базаандаа Этери Тутберизегийн тухай өгүүлэхгүй дуусгавал алдас болно. Аргагүй аугаа дасгалжуулагч . Түүний охидыг бүгд мэдэж байгаа. Урьд , өмнөх олимп, дэлхийн аварга шавь нарынх нь тухай өгүүлээд яахав, бүгд мэднэ. Энэ олимпод гэхэд л Щербакова, Трусова, Валиева гурвуулаа түүний шавь, гурвуулаа медалийн тавцанд зогсох бүрэн боломжтой байлаа. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх шиг хоёр шавь нь алт, мөнгө зүүгээд, хамт гарлаа, олимпийн шагналын тавцанд.

Этеригийн төрсөн охин Диана Дэвис нь олимпод оролцлоо. Бүжгийн хосод Глеб Смолкинтой.

Спорт хосод олимпийн мөнгөн медаль хүртсэн Евгения Тарасова/ Владимир Морозов нар бас түүний багийнх.

Ийм дасгалжуулагч ховор доо. Өөрөө ч тамирчин байхдаа гэмтэл бэртэл авч, харь хүний нутагт унаж, босч явсан, хал үзсэн, хатуу шаардлагатай багш.

Хамгийн хайртай шавьдаа хамгийн их хатуу хандаж, хамгийн их итгэдэг шавиа хамгийн их шахдаг нь багш, дасгалжуулагч хүний зан. Нээрээ л авьяасгүй, ирээдүйгүй, зорилгогүй, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлгүй хүнийг юу гээд л эд эсээ үхүүлэн, сэтгэл санаагаа золиослон "шахаж" суух билээ дээ. Түүнийг шүүмжлэгчдэд үүнийг хэлье.

Нээрээ төгсгөлд нь ганц зүйл нэмье. Манайхан "Олимпод Монголын уран гулгагч анх удаа оролцлоо" , "Битүү мөсөн ордонтой болсон одоо олимп, дэлхийн аваргатай болно" гэх мэтээр "сэвээд"байсан.

Одоогоор байтугай, ойрын хэдэн жилдээ л олимп, дэлхийн аваргад манай уран гулгагч орох болоогүй шүү!!! Тийм өндөр төвшинд очих уран гулгагч бэлтгэхэд нилээд олон жил хэрэгтэй, дээд зэрэглэлийн багш нар, сургалтын уламжлал, арга барил, бүхэл бүтэн систем хэрэгтэй байдаг гэж л хариулая даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top