Ил, тод, нээлттэй жишиг тогтоосон “ГРАНД МАРШАЛ”-ын өдөрлөгүүд эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Хавар цаг нэгэнт ирснийг илтгэн хурц наран дээрээс ээж, Монгол орон цагаан дээлээ тайлж эхэлжээ. Ийм л өдрийг сонгож, цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалахаар “СЭЛБЭ” хүүхдийн зуслан тийш хүлгийн жолоо заллаа. Тэнд 2021 оны нэгэн шилдэг бүтээн байгуулалт сүндэрлэж буй. Өнгөрөгч оны яг өдийд шаваа тавьж, байгуулалтаа эхэлж байсан тэрхүү ажил буюу “Эрхэт Монгол” группийн “ГРАНД МАРШАЛ” төсөл өнөөдөр ямар байдалтай биднийг угтах бол гэдэг сонин...

Хотын төвөөс 19 км, түгжрэлгүй шулуухан замаар давхисаар Сэлбийн эцсийн зогсоолд хүрлээ. Нэг жилийн хугацаанд хэдий ковидын хязгаарлалтад орж, хил гааль ачаа тээврийн асуудал их байсан ч чадах бүхнээ дайчилж ажиллан “Гранд Маршал” төсөл нүсэр бүтээн байгуулалтыг өрнүүлж чаджээ.

Жилийн өмнө ирэхэд Монголын анхны хүүхдийн зуслан “Сэлбэ”-ийн нэрийн хуудас болсон, “Бамбарууш” кафе үйл ажиллагаа эрхлэлгүй удсантай холбоотойгоор ихээхэн муудсантай таарч байв. Гэтэл өнөөдөр тэрхүү кафед засвар хийн, шинэ мэт болгож янзлаад оршин суугчдаа хүлээн авахтай зэрэгцэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тэнд “Гранд Маршал” төслийн борлуулалт хариуцсан реалторууд түр суун, захиалагчидтайгаа уулзаж, барилгын бүтээн байгуулалт, шинэхэн урамшууллынхаа талаар танилцуулга өгөх аж.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн хэдэн сар түр зогсоод байсан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-ийн 2022 оны хамгийн анхны үйл ажиллагаа албан ёсоор эхлэв. Халуун цай кофе, амтат шорлогоор дайлуулангаа бүтээн байгуулалттай танилцахаар ирэх хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Ихэнх нь “Бамбарууш” кафе яаж өөрчлөгдсөн тухай ярилцаж, хөөрөлдөнө.

Тэдний дунд жар гаруй насны гэмээр гурван хүн орж ирэв. Хаана сууж, ямар реалтораас мэдээлэл авах нь нээлттэй учир хамгийн түрүүнд тэдэнд эелдгээр харьцсан нэгний ширээнд очиж суулаа. Хөгжилтэй байрын, хөнгөн шингэн нь дэндсэн эрэгтэй “За мэдээллийг манай захиралд л өгнө дөө” хэмээн хөнгөхөн инээдийг бэлэглээд авав. Тэрхүү “захирал” гэгдэж буй эмэгтэй угтаа тэр эрхмийн эхнэр нь гэнэ. Үнэхээр л захирлын байр сууринаас бүх зүйлийг нягт нямбай, шат дараалалтай, сэтгэл хөөрөл багатайгаар хүлээн авна. Реалторын өгсөн мэдээллийг авсныхаа дараа төслийн талбай болоод загварын байртай танилцахаар тэд гарч одов. Хэсэг хугацааны дараа бөөн инээд, хөөртэй улс орж ирлээ. Тэр үетэй нь зэрэгцэн халуун шорлог гарч таарсан учраас тэд ширээнд цайлахаар тухлан суулаа.

Энэ үеэр нь тэдэнтэй хэсэг хөөрөлдөхөөр очсон юм. Тэр дундаа энэ удаагийн нээлттэй өдөрлөгийн хамгийн анхны захиалагч Ц.Цэндээхүү эгчтэй хэсэг ярилцлаа. 50  жилийн өмнө, аравхан настай бяцхан охин байхдаа найз нөхөд, багшийн хамт “Сэлбэ” зусланд ирж, гимнастикийн бэлтгэл хийж байсан талаараа тэр дурсав.

Үргэлжлүүлэн “Сэтгэлд минь тодоор бичигдэн үлдсэн “Бамбарууш” кафе даа тавин жилийн дараа сууж байгаадаа итгэж өгөхгүй л байна. Үнэхээр бүх дурсамж минь сэргэлээ. Бидний хоёр гэр бүл энд шинэ бүтээн байгуулалт болж буй талаар зурагтаас олон удаа сонсож байлаа. Энэ хавийг, эндхийн байгалийн үзэсгэлэнг мэдэх учраас төлөвлөж, төлөвлөж энэ өдөр нээлттэй өдөрлөгтэй гэхээр нь зорьж ирсэн юм. Барилга хийцлэл, ашиглаж буй материал, гүйцэтгэж буй байдлыг хараад шууд л итгэл төрлөө.

Үүнээс гадна загварын байрнуудаас харахад шийдэл бүхэн нь яг хүнээ бодсон, маш оновчтой юм байна гэж харлаа. Тиймээс нэгдүгээр эгнээний байрнуудаас гурван давхарт орон сууц авахаар гэрээ байгуулж байна. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр худалдааны төв, эх нярайн сувилал гэх мэтийг цогцоор нь шийдсэн нь маш их таалагдлаа. “Сэлбэ” зуслангийнхаа дэргэд тансаг зэрэглэлийн орон сууцтай болж байгаадаа маш их баяртай байна” гэж ярилаа.

Тэднийг угтан авч, өнөөдрийн өдөрлөгийн борлуулалтын анхны хонхыг цохисон реалтор Д.Болормаа “”Эрхэт Монгол” групп “Гранд Маршал” төслөө эзний сэтгэлээр бүтээн байгуулж байна. Өнөөдөр загварын байрууд нь бэлэн болсон мультихаус ангиллын байр нь нэг блоктоо 22 айлтай, хоёр орцтой, 47-78 м.кв 2-3 өрөө байр бий. Дөрөвдүгээр давхарт пентхаус ангиллын байрууд байдаг. Өнөөдөр шинэ захиалагчдаас гадна хуучин захиалагчид маань ирж загварын байртайгаа танилцаж байна. Биднээс шалтгаалаагүй зарим нэг асуудлаас болоод байрууд маань хугацаа жаахан хоцорч яваа. Гэсэн хэдий ч бид цаг тухай бүрд нь захиалагчидтайгаа холбогдож, тайлан сэтгүүл хүргэж өгсөн учраас ойлголцолд хүрсэн. Загварын байртайгаа танилцаж байгаа захиалагчид маань маш өндөр сэтгэгдэлтэй байна. Өглөө ирсэн, 2 өрөө байр захиалсан захиалагчид маань загварын байрыг үзээд “Өрөөгөө илүү томруулах хэрэгтэй байжээ” гэх саналыг хүртэл тавьж байна” гэж ярьсан юм.

Цар тахлын гамшиг салбар бүрд тэр дундаа барилгынханд хүндээр туссан нь үнэн. Гэхдээ “Гранд Маршал”-ынханд цар тахлын нөлөө маш хүнд байсан ч, царцаж суусангүй. Өөрсдөөс, дотоодоос шалтгаалах зүйлсээ амжуулж, дөрвөн улирал тасралтгүй ажиллажээ.

Нийт 15 га талбайд хэрэгжих “Гранд Маршал” төсөл нь орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 546 айлын сингл, твин, таун, пент, мульти хауснуудаас тус тус бүрдэнэ. Одоогоор нэгдүгээр ээлжийн мультихаус, пентхауснуудын бүх карказын ажил 100 хувь дуусаж, гадна өрлөг, дулаалга, фасадны ажлууд хийж байгаа юм. Мөн энэ хауснуудын цэвэр, бохир, усны шугам, дулаан цахилгаан хангамжийн гадна холболтыг бүрэн хийж дуусгаад байна.

Харин бусад нэгдүгээр ээлжийн хауснуудын тухайд хил гааль хаагдаж, бараа бүтээгдэхүүн саатсантай холбоотойгоор төлөвлөгөөнөөсөө жаахан хоцорч байгаа ч 80-90 гаруй хувийн гүйцэтгэлтэй зогсолтгүй урагшилж байгаа ажээ. Мөн энэ талаараа 2021 оны сүүлчээр тайлан сэтгүүл бэлтгэж, захиалагч, харилцагчдадаа хүргүүлсэн байна. Усанд хаясан чулуу мэт ул мөргүй алга болдог барилгын салбарын зарим нэг алдаа дутагдлыг нөхөж буй энэ үйлдэл бол “Гранд Маршал”-ынханы тогтоосон шинэ соёл гэлтэй...

ЭРЧИМТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ЭЭЛТЭЙ, ИЛ ТОД ХОТХОН “ГРАНД МАРШАЛ”

 “Гранд Маршал” төслийг эхлэх цагаас л хөндлөнгийн ажиглалт хийж, олон нийтэд ил тод танилцуулсан, “Гранд Маршал” төслийн нүүр царай жүжигчин СТА Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нар НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ хүрэлцэн ирлээ. Тэдний хамт захиалагчдадаа өндөр үүдээ нээн, танилцуулагдаж буй загварын байрыг сонирхохоор явсан юм.

Бидэнд “Зиндаа констракшн" ХХК-ийн Заслын хяналтын инженер Ц.Цэнд-Аюуш хөтөч, тайлбарлагч хийлээ. Түүний хувьд төслийг арван хуруу шигээ сайн мэддэг нэгэн. Тиймдээ ч өрөө тус бүрийн онцлогийг онцгой сайн тайлбарлаж байсныг энд дурдах нь зүй.

Энэ удаагийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ хүмүүст үзүүлж харуулж, шинжүүлэх зүйлтэй байгаагаараа “нүүр бардам” байсан. Олон нийтэд үзүүлэх зорилгоор 48.28 м.кв 2 өрөө, 77.85 м.кв 3 өрөө мультихаус, 106.65 м.кв 4 өрөө пентхаусын загварын байрыг бэлтгэсэн байв. Бид эхлээд 77.85 м.кв 3 өрөө мультихаустай танилцсан юм. Үүдээр нь оронгуут л жүжигчин И.Одончимэг өөрийн эрхгүй уулга алдав. Наран тал руугаа харсан цэлгэр уудам цонх, Добу брэндийн цогц, ухаалаг гэрлийн шийдэл түүний сонирхлыг илүүтэй татах шиг болсон. Хэрэв тэрбээр энэ байранд амьдарч байсан бол жижиг өрөөнд байх том цонхоор гадна тоглох хүүхдүүдээ харангаа, цонхныхоо жижигхэн тавцан дээр сууж, халуун кофе ууна гэж төсөөлөөд авсан шүү.

Харин жүжигчин Т.Бархүүд шалны өнгө болоод хоёр янзаар нээгдэж, хаагддаг цонхны шийдэл илүүтэй таалагдсан. Ц.Цэнд-Аюуш инженерийн тайлбарласнаар энэхүү цонх нь герман тоноглолтой, гурван давхар шилтэй, про-2 системээр түгжигдэж, онгойдог онцлогтой гэнэ. Мөн тэрбээр цааш үргэлжлүүлэн “Манай төсөлд ашиглагдаж байгаа шалнууд бүгд Турк улсынх. Бор болон цагаан саарал гэсэн хоёр өнгөний сонголттой. Обойн хувьд БНСУ-ын LG брэндийн амьсгалдаг обойг сонгосон. Үүнийг дэлхийн стандартад нийцүүлэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлаар үйлдвэрлэсэн байдгаараа онцлог. Обойны сонголт өргөн байгаа учраас захиалагч өөрсдийн шаардлагад нийцүүлэн заслаа хийлгэх боломжтой.

Тагт руу гарсан хаалга хүртэл про-2 системээр нээгдэж, хаагддаг байхаар шийдэж өгсөн. Ариун цэврийн өрөөний хувьд хамгийн сүүлийн үеийн шийдлээр тохижуулж, туузан гэрлээр чимж өгсөн. Дээд талд байх нүдэн гэрлийг унтраагаад туузан гэрэлтэйгээ байж болно. Туузан гэрэл хэрэглэснээр цахилгаан зарцуулалт бага болно гэсэн үг” хэмээн ярилаа.

Төслийн хүрээнд баригдаж буй бүх ариун цэврийн өрөөнд онцлог нэгэн зүйл байгаа гэнэ. Тэр нь тосгуур, тумбог Монгол компаниар захиалж хийлгэхийн сацуу, бүгдэд нь “Гранд Маршал”-ын логог бичиж өгчээ.

Тодруулахад, айл бүрт байхаар шийдэгдсэн "Добу" брэндийн ухаалаг домофон болон камерын систем нь хэрэглэхэд хялбараас гадна уламжлалт ойлголтыг эвдсэн шийдэлтэй гэдгээрээ онцлог байсан.

Жүжигчдийн хамт явсан аялал маань 106.65 м.кв 4 өрөө пентхаустай танилцсанаар өндөрлөсөн юм. Тус пентхаусны зочны өрөөний хананы өндөр 3.60 метр учраас цэлгэр уудам байдлыг илүүтэй тодотгож байлаа.

Загварын байртай танилцах аяллаас ирэнгүүтээ “Бамбарууш” кафед байрлах реалторуудын гол чиглүүлэгч, “Жамух пропертиз” ХХК-ийн Борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Г.Пүрэвсүрэнгээс борлуулалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Өнгөрөгч оны есдүгээр сараас хойш зохиогдоогүй өдөрлөг маань өнөөдөр маш амжилттай зохион байгуулагдаж байна. Нээлттэй өдөрлөг дээр танилцуулагдаж байгаа загварын байрнуудынхаа тавилгыг хараахан тавьж амжаагүй ч, дотор заслын ажил 100 хувь дуусаад байгаа. Одоогоор мультихаус 95 хувьтай, таун, твин, сингли хаусууд 70 хувьтай борлогдож байна. Бид 2021 оны гуравдугаар сарын 7-нд анх борлуулалтаа эхэлж байсан гэхээр нэг жилийн хугацаанд нийт борлуулалтынхаа 80 хувьд хүрсэн байна.

Үүнээс гадна “Эрхэт Монгол” групп маань “LOVE CITY” гээд шинэ төсөл эхлүүлнэ. Түүний борлуулалтын ажил гээд маш завгүй ажиллах байх. “Гранд Маршал” хотхоны нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхлээд долоо хоног бүрийн бямба, ням гарагт зохион байгуулагдана. Захиалагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

“Гранд Маршал” дөрвөн улирлын хотхон салбартаа тэргүүлэгч “МИГ даатгал” ХХК-ийн “Барилга угсралтын даатгал, “Эд хөрөнгийн даатгал”, “Гэнэтийн ослын даатгал”-д иж бүрэн хамрагдсан. Ингэснээр захиалагчдынхаа эд хөрөнгө, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг бүрэн даатгуулж байгаагаараа онцлог болсон билээ.

Түүгээр ч зогсохгүй 2021 онд захиалагч нартаа цоо шинэ “LAND 300” автомашиныг бэлэглэж байсан бол энэ 2022 онд супер 22 урамшууллыг олгохоос гадна аз од нь гийсэн нэг захиалагчид “MERCEDES BENZ G-Class 500” маркийн автомашин бэлэглэх урамшуулал зарлаад байна.

Супер 22 урамшуулалд, ДУБАЙ руу гэр бүлээрээ аялах эрх 1, “ГРАНД МАРШАЛ" цэцэрлэгт хүүхдээ бүтэн жилийн турш үнэ төлбөргүй сургах эрх 5, "ГРАНД МАРШАЛ" дунд сургуульд хүүхдээ бүтэн жилийн турш үнэ төлбөргүй сургах эрх 5, Спорт комплекс, спа төвөөр бүтэн жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх гишүүнчлэлийн карт 5, “Kitchen all" брэндийн гал тогооны тавилга хийлгэх эрх 5 тус тус багтсан байна.

Сугалааны нөхцлийн хувьд төлбөрийн гүйцэтгэлийн 50.000.000₮ тутамд сугалааны  нэг  эрх  олгогдох  бөгөөд хонжворыг 2022 оны долоодугаар сарын 10-нд тодруулах ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.156) 2022 оны 03 сарын 16

Энэ нэг залуу хүний толгой эргүүлж суугаад, түүнийгээ онцгой хурдан хөгшрүүлж байгаа эмэгтэй яасан ихшуналтай юм бэ. Та шуналтай байж болно. Наад залуугаа юм болгоны нүүрэн дээр гаргаж нэр хүндий нь унагаж, өөр шигээ шуналын агуулах болгоод байл даа. Бүх реклам????........Аймаар......

0  |  0
Top