ОХУ-ын анхны сүмоч Анатолий Михаханов буюу Аврора Сатоши бол буриад залуу. Багш нь түүнийг анхдагч гэдэг утгаар нь Октябрын социалист хувьсгалын бэлгэ тэмдэг Аврора хөлгийн нэрийг өгсөн юм.
Хэдийгээр Аврора мэргэжлийн сүмод аварга, арслан болж чадаагүй ч араасаа олон орос сүмоч төрүүлсэн булган сүүлтэй бөх. Тэрбээр сүмогийн түүхэн дэх хамгийн хүнд жинтэй бөхийн рекорд амжилтыг 293 кг-аар тогтоож байлаа. 2000 онд сүмоч болж, 2018 онд зодог тайлсан Толя одоо төрөлх Буриад нутагтаа ажиллаж, амьдарч байна.
Ингээд түүнтэй Улаан-Үд хотын “Буряад ФМ” радиогийн сувгаар холбогдон ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу? Толя. Энэ өдрийн мэнд хүргэе.
-Сайн, сайн байна уу?
-Монголчууд бөхөд хайртай, дуртай, Японы сүмо бөхийг шимтэн үздэг ард түмэн. Манай бөх сонирхогчид танд хайртай, дэмждэг. Толя, Монголын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол гэж хэлэхээр надад нэг тийм дулаан, дотно мэдрэмж төрдөг. Би Монголд очиж үзээгүй ч Японд байхдаа монгол сүмочид, алдарт аваргуудтай дотно, найрсаг, сайхан харилцаатай байсан.
-Толя, одоо ямар ажил хийж байна. Бизнес эрхэлж байна уу?
-Бизнес эрхлээгүй. Сэтгэл зүйн салбарт бүрэн орсон гэж хэлэхэд болно. Сэтгэл зүйч мэргэжилтэн биш ч одоо хүмүүсийг эерэг бодол, хандлагатай болгох, дотоод сэтгэлийг нь ариусгах, өөрчлөх, нэг үгээр хэлбэл, инээмсэглэлийн багш, оюун ухааны дасгалжуулагч хийж байна. Хүн байнга өсөн хөгжиж байж өрсөлдөх чадвартай болдог. Би хүний хөгжлийн талаар онлайн хичээл заадаг.
ЯРИЛЦЛАГЫГ АУДИОГООР СОНСОХ
-Энэ хүнд хэцүү үед хамгийн зөв сайхан ажил хийж байгаа юм байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
-Таны инстаграм дахь зургийг харлаа. Их турсан байна. Одоо хэдэн кг жинтэй вэ? Нууц биш бол яаж жин хассанаа зааж өгөөч?
-Зодог тайлаад, эх орондоо харихад миний жин 293 кг байсан. Тийм болохоор нутагтаа ирээд хамгийн түрүүнд хүссэн зүйл бол жингээ хасах байлаа. Амар байгаагүй ч ажиллаж эхэлсэн. Бараг 100 кг хасаж, одоо 200 кг орчим жинтэй болсон. Нэмэгдээд, хасагдаад байж байна. Өвөл манай Буриадад маш хүйтэн болохоор сайн идэж байх хэрэгтэй. Бууз, мах, тостой хоол иднэ, тэгэхээр өвөл жин нэмэгдээд байдаг. Гэхдээ би фитнесс танхимд очдог, өглөө болгон гуалин модтой дасгал хийнэ, түлээ хагална. Ер нь байнга хөдөлгөөнтэй байхыг хичээдэг.
-Наран оронд та их удаан амьдарсан, бараг хоёр дахь эх орон чинь гэж хэлж болно. Япон орноо санаж байна уу?
-Саналгүй яахав. Хамт барилдаж байсан нэг дэвжээний андуудтайгаа уулзмаар байна. Ихэнх нь зодог тайлсан, заримыг нь юу хийж байгааг ч мэдэхгүй байна. Япон хоол идмээр санагддаг.
Би 16 настайдаа Японд очсон, амьдралынхаа 19 жилийг тэнд өнгөрүүлсэн. Үнэхээр хэн ч, юу ч хэлсэн Япон бол миний хоёр дахь эх орон. Тэнд би жаахан хүүхэд байхдаа очиж, эрийн цээнд хүрсэн. Тэсвэр хатуужил гээд бүх зүйлд тэнд л суралцсан. Мөн Японы ивээн тэтгэгчид, дэмжигчдээ санаж байна. Башё болдог хот болгонд намайг дэмжигчид, найзууд байсан.
-Японд анх очиж байсан өдрөө санаж байна уу? Ямар санагдаж байв?
-1999 оны 12 дугаар сарын тэр нэгэн өдөр маш гайхалтай өдөр байсан. Анх удаагаа гар утас, орчин үеийн ариун цэврийн өрөө харсан. Тийм олон товчлууртай суултуур байдаг гэж огт бодоогүй. Гэхдээ хамгийн хачирхалтай санагдсан зүйл бол сүмогийн дэвжээ байлаа. Анх ороход гал тогоонд 20-иод бөх нэг том хоолны сав тойроод зогсож байлаа. Юу хийгээд байгааг нь ойлгохгүй гайхаж байтал чянко шөл бэлтгэж байсан юм билээ. Арваад бөх ирж, намайг барьж үзээд, “Орост ханагар том залуус байдаг юм байна даа” гэж гайхаж байсан. Энэ үгийг би одоо ч сайн санадаг. Би япончуудыг жижигхэн хүмүүс гэж бодож байтал бөхчүүд нь их том биетэй байсан.
-Анх удаа гадаадад очиж байгаа хэрэг үү?
-Тийм ээ, анх удаа хилийн дээс алхсан орон маань Наран орон байсан.
-Таны багш Китаноүми ёкозүна цолтой хүн байсан. Хэр хатуу чанга багш байв?
-Китаноүми багш бол мэргэжлийн сүмогийн 55 дахь ёкозүна. 21 настайдаа ёкозүна цол хүртсэн, хамгийн залуу аварга байсан хүн. Багш маань хатуу чанга хүн байгаагүй. Яагаад гэвэл тэр өөрөө 13 настайдаа сүмоч болсон тул сүмо бөхийн хүнд хэцүүг сайн мэднэ. Бэлтгэл дээр нэг удаа багш нь хөл дэвсдэг шико дасгал 300 удаа хий гэжээ. 300 удаа хийчихээд хөлс нь гараад зогсож байтал ояката хүрч ирээд “Бие халаалт дуусав уу, одоо чамд шико зааж өгье. 300 хий” гэж хэлсэн гэдэг. Ингээд нийт 600 удаа хийсэн гэж байгаа. Бодоод үз л дээ. 13 настай хүүхэд хоол бэлтгэнэ, цэвэрлэнэ, ахмад бөхчүүдийн туслах хийнэ. Китаноүми багш ядуу, жижиг тосгоноос гаралтай хүн байсан болохоор амьдралаа өөрчлөх хүсэлтэйгээр, бууж өгөлгүй хичээж зүтгэсээр амжилтад хүрсэн юм.
Багш маань Сүмогийн холбооны тэргүүнээр 9 жил ажилласан. Би шавь нь, туслах нь байсан гэдгээрээ бахархдаг. Бид хоёр тусдаа юу ярьдаг байсныг хэн ч мэдэхгүй. Заримдаа багш миний санал бодлыг асууна.
Ояката намайг бусдаасаа өөрөөр сэтгэдэг гэдгийг мэддэг байлаа. Багш минь хүний үгэнд авталгүй, өөрийнхөөрөө шийддэг хүн байсан. Монгол бөхчүүдтэй холбоотой асуудал гарахад багш үргэлж тэдний талд байдаг байсан.
Холбооны тэргүүний албаа өгчихсөн хойно нь Их аварга Асашёорюүг сүмогоос гаргахад багш “Хэрэв би холбооны тэргүүн байсан бол хэзээ ч Асашёорюүг сүмогоос явуулахгүй байсан. Яагаад гэвэл, гадаад орноос ирсэн хүн тэр улсынхаа үндэсний бөхөөр аварга болно гэдэг ямар хэцүү гэдгийг би мэднэ” гэж их харамсаж байсан. Ямар их бэрхшээл давж, аварга болсныг нь сайн ойлгодог байсан. Энэ нь надад их таалагддаг байлаа. Гадаад бөхийн төлөө ингэж санаа тавьж, тусладаг хүн түүнээс өөр байгаагүй.
-Харамсалтай нь, таны багш 2015 онд хүнд өвчнөөр нас барсан. Таныг дэргэд нь байж, багшийгаа арчилж байсан гэж сонссон?
-Маш олон хагалгаанд орж, эдгэрэшгүй хүнд өвчинтэй тэмцэж байлаа. Дурсан санахад хэцүү байна.
Би багшийгаа аав гэж дууддаг байсан. Явж чадахаа больсон үед нь өргөөд явдаг байлаа. Манай Буриадад буян гэж үг бий. Намайг 20 настай байх үед дэвжээний маань нэг ивээн тэтгэгч багшид “Аврора том амжилтад хүрэхгүй нь. Түүнийг сүмогоос гаргая” гэж хэлэхэд Китаноүми багш “Аврора миний шавь. Би түүнийг дэвжээндээ авсан. Би хариуцна” гэж хариулж байлаа.
Багшийгаа хүнд хэцүү үед нь хаяад явна гэж байхгүй шүү дээ. Энэ талаар Японы нэгэн сонин мэдээ гаргаснаас хойш япончууд намайг их хүндэлдэг болсон. Төрсөн өдрөөр минь одоо ч бэлэг явуулдаг. Багш бид хоёрын харилцаа жирийн багш, шавийн харилцаанаас илүү гүнзгий байлаа.
Багш 1953 оны тавдугаар сарын 16-нд төрсөн. Тэр өдөр нь Японд телевизээр анх сүмо дамжуулж эхэлсэн байдаг. Энэ бол хувь заяа.
-Таны өвөг дээдэс Буриадын алдартай аварга Загаши гэж дуулсан. Та түүний талаар юу мэдэх вэ?
-Маш том биетэй, хус модыг мушгиад хугалчихдаг их чадалтай хүн байсан гэж сонссон. Морь унахаар даахгүй, нуруу нь хугардаг тул хоёр том бух хөлөглөсөн тэргээр явдаг байсан гэж ярьдаг.
Би ч гэсэн багаасаа их том биетэй хүүхэд байсан. Хөдөө ах нар маань номхон морь авчраад, намайг уна гэлээ. Би даахгүйг нь мэдэрч байсан болохоор унахгүй гээд уйлдаг байв. Дараа нь Японоос амралтаараа ирээд хөдөө гартал бас морь унахыг урьж байна. Хартал морины нүд ёстой л “Ах минь, намайг битгий унаач” гэж гуйж байгаа мэт харагдсан. Загаши аварга бол Буриадын баатар хүн.
-Японы сүмо барилдсандаа харамсдаг уу? Буриад бөх барилдсан бол яах байсан бол. Илүү амжилт гаргах байсан юм биш биз?
-Би огт харамсдаггүй. Хэрэв одоо ид шидтэн гарч ирээд “16 настай үедээ буцаж очвол дахиад энэ замаараа замнах уу” гэж асуувал би юу ч өөрчлөхгүй, яг энэ замаараа л явна. Хэрэв би өөр амьдралаар амьдарсан бол одоогийн Толя биш байх байсан. Ганц өөрчлөх юм гэвэл багшийгаа өвчин тусахаас нь өмнө анхааруулах байсан. Би амьдралдаа юунд ч харамсаж байгаагүй, одоо ч харамсдаггүй. Ирээдүйд намайг аз жаргал хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
-Таны бодлоор сүмо бөхийн юу нь хамгийн хэцүү вэ?
-Бэлтгэл, ахмад, шинэ бөхийн харилцаа хэцүү.
Хоёр жилийн өмнө Буриадад агуу бөх, их аварга Асашёорюү ирсэн. Байгаль нуурын эрэг дээр хамт сууж байгаад би түүнээс энэ талаар асуухад Асашёорюү “Бэлтгэл хэцүү ч хийгээд байвал өөрт хэрэгтэй, хүчтэй болно. Харин хамгийн хэцүү нь “хал цэргүүд”. Хаашаа ч явсан хараа хяналтад байна” гэж хариулж байлаа.
-Яагаад та өөрийгөө сэкитори болж, дээд зиндаанд барилдаж чадаагүй гэж боддог вэ. Юу дутав?
-Олон зүйл ярилгүй, багшийнхаа үгийг л хэлье. Багш надад байнга “Чи хэт зөөлөн хүн” гэж хэлдэг байлаа. Үнэндээ би барилдаж байхдаа маш олон бөхийг гэмтээж байсан. Би их хүнд жинтэй. Өрсөлдөгчөө өвдөг, шагайндаа маш хүнд гэмтээд эдгэрэх гэж их удаж байгааг нь харахаар тун хэцүү байдаг. Нөхөн сэргэлт гэж 2-3 жил болно.
Спортын хор шар мэдээж хэрэгтэй ч өрөвдөнө, шанална. Ялах хэрэгтэй ч гэмтээхээс болгоомжилно.
Асашёорюү аварга ч надад “Чи хор шартай байсан бол сайн бөх болох байлаа” гэж хэлж байлаа. Сүмогийн ертөнцийн хоёр том хүн тэгж хэлж байгаа болохоор үнэхээр л хор шар дутаж гэж боддог.
-Асашёорюү “Дохёнд гарахад өрсөлдөгчөө дайснаа гэж үздэг. Үзэлцэнэ гэж гардаг” гэж хэлж байсан...
-Надад ч бас тэгэж хэлж байсан. Аса аварга жирийн үед үнэхээр сайн хүн. Харин барилдах гээд гарахаараа их ширүүн. Дайчин. Чингис хааны удам болохоор аргагүй байх.
-Толя, сүмод Аврора нэрээр барилддаг байсан. Оросын анхны сумоч. Таны дараа олон орос залуу сүмод орсон. Тэдний хэн нь хамгийн хүчтэй байсан бэ?
-Ваканохо гэж хэлнэ. Маш хурдан дэвшсэн залуу, ирээдүйтэй сүмоч байлаа. Залуухан, хамгийн ирээдүйтэй нь. Осетин залууд аварга, арслан болох бүх юм байсан. Харамсалтай нь, тэр өөрийгөө баллаж орхисон.
-Яагаад оросууд озэки, ёкозүна болж чадаагүй вэ?
-Сүмод тачиай буюу золголт, мөргөлт гэж байдаг. Китаноүми багш барилдаан эхлээд золголтыг нь хараад хэн нь ялахыг мэддэг байлаа. Яаж сууж байна, нүүр царайны байдал, сэтгэлийн хөдөлгөөнийг нь хараад л мэднэ. Яагаад европчууд ёкозүна болж чаддаггүй вэ гэдэг талаар багш “Европчууд бяр хүчиндээ л тулгуурлаж барилддаг. Биеийн дээд хэсэг бяртай ч доод хэсэг, бүсэлхийнээс доош сулхан. Тэсрэлт байхгүй. Бие нь сүмод зохицоогүй. Дээд зиндаанд сайн барилдаж болох ч аварга болж чадахгүй” гэж хэлдэг байлаа.
-Мэргэжлийн сүмод монгол бөх олон. Та хэнтэй нь ойр дотно, найз байв?
-Сүмод анх очиж байхад одоо Хакүхо аваргын менежерээр ажиллаж байгаа Рюүотой хамт орж байлаа. Хамтдаа сүмод суралцсан анд. Мэдээж монгол аваргуудтай уулзаж, ярилцдаг байсан.
-Монгол сүмочдоос хэнийг нь илүү хүндэлдэг вэ. Яагаад?
-Би монгол сүмочдыг бүгдийг нь хүндэлдэг. Хамгийн их хүндэлдэг бөх бол Хакүхо аварга. Би түүнийг сайн мэднэ. Утсаар ярина, одоо болтол харилцсан хэвээр байгаа.
Монгол бөхчүүдийн нэг сайхан зүйл нь тэд аварга, доод зиндаа гэлтгүй бүгд хоорондоо сайхан харилцаатай. Яагаад гэвэл аваргууд нь залуу бөх байх ямар хэцүүг сайн ойлгодог. Бүгд нэг ижил замаар замнаж байгаа ч хүн болгон аварга болж чадахгүй гэдгийг мэддэг. Их зан гаргаад, нэг нэгнээ дээрэлхээд байхгүй. Энэ нь надад их таалагддаг.
-Та их аварга Хакүхотой ганц удаа барилдсан, ялсан. Одоо дурсахад сайхан санагддаг уу?
-Маш сайхан санагддаг. Жижигхэн, туранхай монгол хүүхэд гарч ирж байлаа. Тэр үед түүнийг их аварга болно гэж хэн ч бодоогүй байх. Би монголчуудтай олон барилдаж байсан. Хамгийн дурсамжтай барилдаан нь Хакүхог ялсан тэр барилдаан.
Хакүхо одоо ч уулзах болгондоо “Чамд унасан шүү” гэж хэлдэг юм. Хамгийн сэтгэлд тод үлдсэн зүйл бол Хакүхогийн нүд, харц байлаа. Би түүнээс хэд дахин хүнд жинтэй, Хакүхо 100 кг ч хүрээгүй байсан үе. Жижигхэн ч гэсэн түүний нүдэнд сэтгэлийн хүч, хор шар, эрч хүч харагдаж байсан. Одоо ч би тэр харцыг мартдаггүй юм.
-Монгол сүмочдын хүч чадлын нууц юу вэ? Яагаад тэд аварга болж чадав?
-Би Японд байхдаа ч энэ талаар боддог байлаа. Мах иддэг болохоор тэр юм уу, эсвэл өөр зүйл идэж байна уу гэж бодоод л. Хонины мах нөлөөлж байна уу гэж өөрөөсөө асуугаад л. Сэтгэл зүй нь юугаар өөр юм бол?
Ингээд монгол бөхчүүд төрөхөөсөө өмнө эхийнхээ хэвлийд байхаасаа л барилддаг юм байна гэж бодсон. Хорвоод мэндлэхээсээ өмнө мэх сураад, барилдаад, бэлтгэл хийгээд гарч ирдэг юм байна. Би япончуудад ингэж хэлтэл бүгд инээж байлаа. Үнэнийг хэлэхэд монголчуудын дотоод сэтгэлийн хүч огт өөр. Чингис хааны удам болохоор ялахаас өөр зам үгүй.
-Одоо сүмо бөх үздэг үү. Мэдээг нь хардаг уу?
-Үздэг. Гэхдээ одоо миний таньдаг сүмочид ихэнх нь зодог тайлжээ. Цөөн хэдэн бөх үлдсэн. Өөрийнхөө дэвжээний бөхчүүдийг хардаг. Оякататайгаа утсаар ярина.
-Одоо сүмо бөх ганц аваргатай. Монголын Тэрүнофүжи. Түүний талаар юу боддог вэ? Түүний хүчтэй тал юу вэ?
-Тэрүнофүжитэй би уулзаж байсан. Озэки болоод, Эзэн хааны цом аваад, дараа нь гэмтээд, хамгийн доод зиндаа хүртэл унасан. Цалин байхгүй, туслах байхгүй. Өөр хүн бол сэтгэлээр унаад, зодог тайлах байсан байх. Харин тэр дороос дахин гарч ирж, ёкозүна болж чадсан. Сүмогийн түүхэнд ийм бөх байгаагүй. Яаж ингэж чадав гэдгийг би өөрөө ч түүнээс асуумаар байна. Энэ бол үнэхээр гайхамшиг.
-Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Какүрюү, Тэрүнофүжи гэсэн Монголын таван аваргаас хамгийн хүчтэй нь хэн бэ? Хэрэв тэднийг хүч чадлаар нь нэгээс тав хүртэл жагсаавал?
-Китаноүми багш маань нэгдүгээр байрт Хакүхог тавьдаг байсан. Дараа нь Асашёорюү. Гуравдугаар байрт Харүмафүжи, дөрөвт Какүрюүг нэрлэж байсан.
Тэр үед 4 аварга байсан. Миний хувьд ч нэгдүгээр байрт Хакүхог нэрлэнэ. Хакүхо бол барилдахад тун хэцүү бөх. Түлхээд байдаг, түлхээд байдаг, бүх чадал, эрч хүч чинь Хакүхог тойроод гарчихаж байгаа мэт санагдана. Тэр бол байгалиас заяасан бөх. Бие махбодь нь огт өөр.
Хоёрт, Асашёорюү. Харин гуравдугаар байрт би Тэрүнофүжиг тавина. Яагаад гэвэл тэр бол гайхамшгийг бүтээсэн. Тэр дор уначихаад аварга болж чадна гэдэг өөр хэн ч чадахгүй зүйл.
Хакүхо, Асашёорюү хоёр түүн шиг унасан байлаа гэхэд ингэж чадах байсан эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дараа нь Харүмафүжи, тавд Какүрюү аваргыг нэрлэнэ. Какүрюү аваргын талаар хэлэхэд, тэр маш даруухан аварга.
Туслах бөхүүд нь “Какүрюү аварга хоол идэж дуусаад дэргэд нь туслах бөх байхгүй бол өөрөө авч яваад угаадаг. Тийм аварга сүмод байхгүй” гэж ярьж байсан.
-Мэргэжлийн сүмод буриад бөх оруулах хүсэлтэй юу? Буриад бөхчүүд хүчтэй. Буриад ёкозүна төрүүлэх бодол бий юу?
-Манайд бух барилдаан гэж бий. Мэргэжлийн сүмод орвол сайн барилдах хүүхдүүд олон харагддаг. Гэхдээ тэднийг сүмогийн хүнд хэцүүг давж чадах уу, би тэдний ирээдүйн замыг нээж чадах уу гэж бодохоор эргэлзээ төрдөг.
Хүн өөрөө маш их хүсэж байж амжилтад хүрдэг. Нэг дэвжээнд нэг гадаад бөх байх ёстой. Гадаад бөх авахыг хүсдэггүй дэвжээ ч бас байна. Би өөрөө сүмогоос холдсон хүн. Гэхдээ ирээдүйд боломж гарвал мэдээж дэмжинэ.
Хамгийн гол нь миний элсүүлсэн сүмоч залуу буриад ч бай, орос ч бай Японы хууль журмыг л дагадаг байгаасай гэж бодож байна. Оруулсан хүний хувьд үүрэг хариуцлага гэж байна.
-Монголчууд буриад тамирчдыг сайн мэднэ. Борис Будаев бол домог. Чөлөөт бөхийн Евгений Жербаев, Александр Богомоев байна. Та Буриадын тамирчдтай хэнтэй нь найз вэ?
-Бүгдийг нь таньдаг. Жербаевтай саяхан фитнесс танхимд тааралдсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэнтэй нь ч яг найз нөхөд биш. Харин чөлөөт бөхийн олимпын аварга Давид Мусульбестай бол дотно найз. Японд анх танилцаж байсан, нөхөрлөөд олон жил өнгөрчээ. Буриадын боксчин, Европын аварга Дарина Сандаковаг дэмждэг. Манай ээжийн талын хамаатан. Удахгүй олимпын медаль авна гэдэгт итгэдэг.
-Олимпын наадам гэснээс Украины дайнаас болоод ОХУ-ын тамирчдыг спортын тэмцээнээс хаслаа. Таны бодол?
-Улс төрийн талаар яримааргүй байна. Би хүмүүст өөдрөг, эерэг мэдрэмж бэлэглэх ёстой оюун ухааны дасгалжуулагч хүн шүү дээ. Би улс төр, шашин шүтлэгийн талаар ярьдаггүй. Манай гэрт телевиз ч байхгүй.
-Та Монголд ирж үзээгүй гэсэн. Уг нь их ойрхон, нэг удаа ирж амраач?
-Заавал очно. Монголын хамгийн их таалагддаг зүйл нь эрчимтэй хөгжил. Японд би олон монголчуудтай уулзаж байсан. Японд бизнес эрхэлдэг монголчууд ч олон бий. Сүмо бөх тэдний замыг нээж өгсөн гэж би боддог. Ковид намдаж, хил нээгдэнгүүт Монгол явахыг хүсэж байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
-Зиндаа.мн сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.
Монголын ард түмэнд өөдрөг сайхан бодолтой байхыг ерөөж байна. Яагаад гэвэл эерэг, сайхан бодол хүмүүст аз жаргалтай гэгээн сайхан ирээдүй авчирдаг юм шүү.
Хэрэв орос хэлтэй монголчууд миний хичээлийг сонирхвол инстаграм хуудсаар минь зочлоорой. (https://www.instagram.com/a_mikhakhanov/)
Танай сайтын хамт олонд япон дуугаар мэндчилье.
Сэтгэгдэл ( 9 )
Сонин гарууд. Ямаа гэхээр тэмээ гээд байдаг. Орсууд нь хэзээ ч орос гэж үзэхгүй.
Mongolchuud haanch iimel gegeeleg baih iostoi.Yas vndes bol odoo orchin ved shal teneg asuudal bolson.Delhiin hvmvvs adil erhtei hugchingvi bolj baihad.Ene zaluugaas surah zvil ih bna shvv.Aldar nerend shunahgvi uls tur shashin shvtelegt orolzohgvi mundag avraga uym daa.Mongol avarguud ch dee.Eh oronoo tonson shivshegtei shunaltanguud.
Түүхээ мэддэггүй л юм бна даа. Өөрийгөө Чингис хааны удирдлаг доор их Монголын туган дор хамт бсан гэдгээ мэддэггүй л юм бна.
MONGOL IREED BUTCAHAAR N DAHIAD NEG YRILTCAARAI...HAMGIIN GOL N MONGOLCHUUD BID UURSDUU IH ZAVAANSHDEE....BURIAD ZALUU BOL YAHAV SETGELEESEE L UNEN EE L YRIJ....BID YG HEN BE...
Буриадууд монголчуудтай төрөлсдөггүй нь сонин, уг нь бид чинь яалт ч үгүй ойр төрлийн улс биз дээ, монгол буриад хоёрын хооронд удам талаасаа бол хол ялгаа байхгүй дээ, оросын их гүрний үзлээс л болдог юм шиг
Ёстой сайхан ярилцлага уншлаа
давгүй ,ухаалаг залуу юм. Аз жаргал хүсьэ\n
Ёстой гэгээлэг сайхан ярилцлага болжээ. Сайхан ч сэтгэлтэй юм. Сэтгэлийн сайхнаар амар амгалан амьдрал ирэх юмдаа.
Zavaan pizdaaa vee