Орос Украин руу довтолсноор Европын аюулгүй байдал, ОХУ, НАТО-гийн харилцаатай шууд холбоотой хүйтэн дайны дараах статус кво-г өөрчилж байна. Геополитикийн дарамт, шахалт гол төлөв Оросын өрнөд зүгт хазайж байгаа энэ үед Зүүн хойд Азид ч мөн эдийн засаг, аюулгүй байдлын нөлөө нь мэдрэгдэж эхэлжээ.
Оросын эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээнүүд үйлчилж, тус улсын санхүүгийн тогтвортой байдал ганхахын зэрэгцээ Орост үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудад цохилт болж байна. Эдгээр хориг арга хэмжээ, тэр дундаа импорт, экспортын хязгаарлалт зөвхөн Оросын эсрэг чиглэж байгаа ч Монгол, Хятад, Япон зэрэг хөрш зэргэлдээх орнууд мөн хүнсний хангамж, эрчим хүч, батлан хамгаалах зэрэг олон салбарт нөлөөг нь амсаж байна.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ ОХУ-ын Төв банкны эсрэг чиглэсэн багц хориг арга хэмжээ авсан. Европын Холбоо үүнийг тэр даруй дагав. Оросыг чиглэсэн эрчим хүчний хориг болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал Зүүн хойд Азид эрчим хүчний үнэ өсөж, дотоодын нөөц бололцоондоо найдахаас өөр аргагүйд хүргэж, улмаар эдийн засгийн уналтад орох эрсдэл дагуулж байна.
Тухайлбал Оросын импорт, экспортыг хазаарлах зорилго бүхий өрнөдийн хориг арга хэмжээнүүд Хятад улсад хүнсний аюулгүй байдлын асуудал үүсгэж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин үр тарианы бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотооддоо хангах том зорилго тавьсан ч Хятад улс улаан буудай болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувьд Орос, Украин, Япон зэрэг улсаас хамааралтай хэвээр л байна. Украин улс дайны улмаас улаан буудайныхаа экспортыг зогсоосноор Хятад улс бусад улсын адил өөр нийлүүлэгчийн эрэлд гарах шаардлагатай нүүр тулжээ.
Ковид-19 цар тахал эхэлснээс хойш Хятад улс Японоос урьд өмнө байгаагүй хэмжээний хүнс импортолжээ. “Nikkei” сонинд мэдээлснээр, 2021 онд Япон улс нийт 222.4 тэрбум иений хүнс, хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл Хятадад экспортолсон нь өмнөх жилээс 35.2 хувиар өсжээ.
Нөгөө талаар Монгол Улс эрчим хүчний үнийн өсөлттэй хэдийн нүүр тулаад байна. Тухайлбал, Улаанбаатар хотод АИ-92 бензиний үнэ 2390 төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгдээд байна. Гэтэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард энэ төрлийн шатахууны үнэ 1434 төгрөг байжээ. Түүнчлэн Монгол Улсын дизель түлшний хэрэглээ 100 хувь Оросоос хамааралтай байдаг тул инфляц, эрчим хүчний үнэд нөлөөлж байна. Үүний сацуу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Монгол Улсын нүүрс зэрэг байгалийн баялгийн экспорт Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн сэргэлтийн бодлогод ашигтайгаар эргэх талтай. Гэсэн хэдий ч энэхүү алтан боломжийг атгахад саад болж буй гадаад хүчин зүйлс бий. Хятадын Засгийн газар ковид-19 халдварын улмаас хот, хилийн боомтууддаа хөл хорио тогтоосоор байх аваас Монгол Улсын экспорт саатах болно.
Үүнээс гадна Монгол, Оросын худалдааны эргэлт буурах нь Монголын эдийн засаг хохиролтой. Оросын банкнуудыг олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системээс хассан нь Монголын банкнуудын кредит картыг хилийн чанадад ашиглахад асуудал үүсэж эхэлсэн тухай иргэд гомдоллож эхэлжээ.
Нөгөө талаар Монгол Улс, ОХУ нь төмөр замын дэд бүтцээр холбогддог учир зарим төрлийн худалдаа хэвээр үргэлжлэх хэдий ч Европын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл үүсжээ.
Эдийн засгийн үр дагавраас гадна Оросын зүгээс явуулж буй ажиллагаа Зүүн хойд Ази дахь геополитикийн уур амьсгалыг өөрчилж байна. Япон зэрэг улс аюулгүй байдлын гэнэтийн асуудалд түгшиж эхлэв. Гуравдугаар сарын 2-нд Японы Батлан хамгаалах яам Оросын нисдэг тэрэг Хоккайдо арал орчим Японы агаарын орон зайг зөрчсөн гэж мэдэгдэв. Үүний хариуд Япон сөнөөгч онгоцнуудаа хөөргөсөн. Хурцадмал байдал үүсэхээс сэргийлж талууд энэ бүс нутагт сэрэмжтэй байхаар тохиролцсон билээ. Аливаа жижиг үйлдэл хэдийн бий болсон үл итгэлцлийг гүнзгийрүүлэх аюултай.
ОХУ, Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн өрнөл бүс нутгийн бодлого тодорхойлогчдыг статус кво-гоо хадгалан, батлан хамгаалах стратегиа эргэн харахад хүргэж байна.
“Mordor Intelligence” судалгааны компанийн мэдээллээр, Ази, номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах салбарын зах зээл огцом тэлжээ. Өнөөгийн нөхцөл байдал галд тос нэмнэ гэсэн үг.
НАТО-гийн Зүүн Европ дахь нөлөө тэлэхээс сэргийлэх Оросын геополитикийн алхам Монгол, Хятад зэрэг хөрш зэргэлдээх орнуудад ихээхэн сорилт болж байна.
Оросын эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээнүүд Хятадын хувьд хоёр иртэй сэлэм болж хувирав. АНУ-ын эрх баригчид Оросыг хамгаалсан тохиолдолд санхүүгийн хувьд ноцтой үр дагавартай тулна хэмээн Хятадад сүрдүүлж байна. Ямартаа ч ойрын хугацаанд Хятад улс Европ, АНУ-тай дайсагналгүй, Оростой найрсаг харилцаагаа хадгалахыг хичээх болно. Энэ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол дээр түдгэлзсэн байр сууриас ч харагдаж байна.
Сүүлийн арван жил Хятад-Орос, Орос-Монгол, Монгол-Хятадын харилцаа өндөр түвшинд хүрсэн. Оросын шинжлэх ухааны академийн академич Владимир Грайворонский 2014 онд “Орос, Монгол, Хятад гэсэн гурвалжин Зүүн хойд Ази болон Зүүн Азийн онцгой, харьцангуй тусгаар дэд бүс” гэж бичиж байв. Эдгээр улсын ард иргэд орос, монгол, хятад гэсэн гурван өөр соёл иргэншилд хамаардаг. Хэдий тийм ч эл гурван үндэстэн олон зууны туршид энхийн болон дайны цагт иргэншил хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл харилцаатай ирсэн түүхтэй. Оросын үйлдэл хэдийгээр гурван талт харилцаа холбоог таслахгүй ч үл итгэлцлийн үрийг тарьж болзошгүй.
Орос улс Украинд довтолсон нь түүхэн улбаатай болон түр зуурын аюулгүй байдлын олон асуудалтай Зүүн хойд Азид хурцадмал байдлыг гүнзгийрүүлэх талтай. Эл бүс нутгийн орнууд аюулгүй байдлын тогтворгүй байдалд бэлэн байх үүднээс батлан хамгаалах салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлэх, технологид суурилсан цахим болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд хөрөнгө оруулах ба чингэхдээ бүгд дипломат арга замыг тэргүүнд тавьсаар байх болно. Нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхой болтол Зүүн хойд Азийн бүх улс асар сэрэмжтэй, хянамгай байх нь дамжиггүй. Эх сурвалж: The Diplomat
Сэтгэгдэл ( 4 )
Zyynii chigleltei 2 Tom gyrnii dund chi muu USA gej 1000 orilood yadgiin neg l uhaantai gar chamshig lagaanuudaas bolj uls oron syirdeg jishee Ukrain bolloo
Teneg lalar min USA demjlee Geed chinii sain bgaa chin haana bn
Teneg lalar min USA demjlee Geed chinii sain bgaa chin haana bn
Фашист Путин Монгол руу атомын бөмбөг хаяахаар хуучин сэтгэлгээнээсээ салаагүй, орос явахаасаа илүүтэй япон, солонгос, америк явахыг мөрөөдөгчид, тэгсэн хэрнээ оросыг харанхуйгаар өмөөрөгчид алга ташин баярлана. Энэ нь асар их тэнэглэл монголд буй болж буйн шинж юм. Энэ тэнэглэлээс л холдохгүй бол улс орон мөхнө. Одоо социализмын үеийн хоосон мөрөөдөлдөө автаад байна. Тэгсэн хэрнээ америк гар утас барина. Өмхий усан толгойтнууд.