Иргэдийн эрэлт хэрэгцээний дараагийн сонголт ХАУС ХОРООЛОЛ болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Хаус буюу амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Хаус экспо-2022” арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд “Шангрила” төвд болж, өндөрлөлөө.

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог тус арга хэмжээтэй хаус төсөл хэрэгжүүлэгч 14 шилдэг компани хамтран ажилласан бөгөөд нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” группийн 2224 айлын “Хайрын хот” хаус хороолол болон “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хорооллын төсөл оролцож, дэлгэрэнгүй мэдээллээ танилцууллаа.

Үйл ажиллагааг нээж, үзэсгэлэнг зохион байгуулагч “C21 SUMMET” брокер эзэмшигч У.Бурмаа үг хэлсэн юм. Тэрбээр анх удаа гэх тодотголтой энэхүү арга хэмжээг зохион байгуулж “мөс хагалагчийн үүрэг гүйцэтгэж байна” хэмээн онцлоод “60 гаруй жилийн өмнөөс тохилог орон сууцанд амьдарч ирсэн монголчуудын дараагийн сонголт өнөө үед хаус хороолол руу илүүтэй чиглэх боллоо” гэсэн юм. Мөн тэрбээр “2021 оны дөрөвдүгээр улирлын тайлан мэдээллээс харахад Монгол Улсад 136 хаус хорооллын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй монголчуудын хамгийн зөв сонголт хаус хороолол болоод байна. Энэ тоо цаашид эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээн онцолж байв.

Харин “Хаус экспо-2022”-г хамтран зохион байгуулагч Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ковидтой нүүр тулж өнгөрөөсөн сүүлийн хоёр жил бидэнд нэлээд олон зүйлийг ойлгууллаа. Тухайлбал, байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, өөрийн гэсэн орон зайтай хаусны шийдэл үнэхээр чухал юм гэдгийг ойлгуулж өглөө. Энэ арга хэмжээ үнэхээр цаг үеэ олсон ажил болж байна.

Ковид гэлтгүй бас нэгэн тулгамдаж буй асуудал болох цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг барилгын салбарт ашиглахыг дэлхий нийтээрээ шаардаж байгаа. Тэр шаардлагад нийцэх олон хаус өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулагдаж байгаад талархалтай байна. Монгол Улсын хүн амын 40 орчим хувь нь хот суурин газарт төвлөрснөөс үүдээд замын түгжрэл, агаарын бохирдол, эрүүл мэндийн асуудлууд үүсэж байна.

Түүнийг дагаад эдийн засгийн өртөг нь дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой төвшинтэй ижил хэмжээнд очиж байна. Ингээд харахад тэрхүү төвлөрлийг сааруулж, олон асуудлыг шийдэхэд хаус хорооллуудын хувь нэмэр маш их” гэж ярьсан юм. Үнэхээр түүний ярьсанчлан хөл хорионд өнгөрөөсөн хоёр жил монголчуудын хувьд “Улаан дохио” өгсөн жилүүд байсан гэхэд хилсдэхгүй.

Тэр нь монголчуудыг амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг сануулсан дохио байв. Монголыг гэнэтийн шалгалтад оруулсан хөл хорионы ачаар уу, аль эсвэл ямар нэгэн тохироо нь таараад уу бид ямартай ч эрүүл явахад цэвэр агаар хамгийн хэрэгтэйг ойлгож авлаа. Гэрээсээ гараад, цонхоо онгойлгоод л цээж дүүрэн цэвэр агаар амьсгалахын сайхныг урьд урьдаас илүү хүсэмжлэв.

Түүний зэрэгцээ тэр боломж бидэнд улам хомс болсныг ч ойлгож авлаа. Бид албан ажилдаа, эсвэл хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд ойрхон байх гэж хотын төв рүүгээ хэтэрхий их төвлөрснөөс болж, амьдралынхаа нэн тэргүүний шаардлага болох “тав тух” гэх ойлголтыг хойш тавьж ирсэн байна. Үүнийг ковидын ачаар сая нэг ойлгож “цэвэр агаартай, тав тухтай газар хаана байна” хэмээн хайж эхлэв. Тэрхүү эрэлт, хэрэгцээг олж мэдэрсэн нь “Хаус экспо”-ийн бас нэгэн давуу тал байлаа.

Дээр дурдсанчлан “Хаус экспо”-д нийтдээ 3870 айлын, 14 хаус төсөл оролцсон. Тэдний дундаас “Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” хаус хорооллын төсөл хамгийн томд тооцогдож байв. Учир нь “Хайрын хот” төслийн хаус болон апартмент хороололд нийтдээ 2224 айл оршин суух юм. Нийтдээ 55 га газрыг хамарсан, 30 га ногоон байгууламжтай “Хайрын хот” хаус хороолол нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс буюу Өлзийт хороолол руу эргэх хэсэгт, хурдны замын хажууд, ирээдүйд үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх байршил, цэвэр агаар, эрүүл хөрс, цогц төлөвлөлт, орчин үеийн минималист хэв маяг, модерн болон классик интерьер засал, загвар талбайн өргөн сонголт, эрчим хүчний онцгой хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн байна.

“Хайрын хот” төслийн энэхүү ерөнхий концепц нь “Хаус экспо”-ийн эхний өдөр /2022.03.25/ тавигдсан “Хот төлөвлөлт ба шинэ суурьшлын бүсүүд”, “Ногоон хөгжил, тогтвортой суурьшил”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хэрэгцээ шаардлага”, “Хотхоны ландшафт төлөвлөлт” зэрэг илтгэлүүдтэй холбогдож байсныг онцлох нь зүй.

 

“АМЬДРАЛД УНАХГҮЙН ТУЛД ТОГЛООМЫН ТАЛБАЙ ДЭЭРЭЭ УНАЖ ҮЗЭХ ЁСТОЙ”

 

Харин үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр тавигдсан илтгэлүүдээс “Хөдөлгөөн доторх хөдөлгөөн” сэдэв олны анхаарлыг багагүй татсан.

Тус илт­гэлийг архи­тектор Б.Батжав тавьсан бөгөөд түүний илтгэл доторх “Амьдралдаа унахгүйн тулд тоглоомын талбай дээрээ унаж сурах ёстой” гэх санаа илүүтэй анхаарал татсан юм. Ингэхэд бидний хүүхдүүдэд унаж, босох тоглоомын талбай хэр хүртээмжтэй билээ. Магадгүй та муу нэртэй коранагийн ачаар энэ боломж тун хомс болсныг мөн анзаарсан байх. Энэ агуулгыг илэрхийлж, архитектор Б.Батжав “Хаус хорооллуудын хамгийн том давуу тал хөдөлгөөнийг үл хорих, унаж босох боломж олгох, тоглоомын талбайн төлөвлөлт юм. Тоглоомын талбай дээрээ унаж үзээгүй хүүхэд, амьдрал дээр “нурах” гээд байдаг талтай. Тиймээс хүүхдүүддээ амьдралд унаж, бүдэрсэн ч сэтгэлийн хаттай байх хөдөлгөөний эрх чөлөөг өгч байгаарай” гэв.

Мөн тэрбээр хаус төсөл хэрэгжүүлэгчдэд хандан “Захиалагчдадаа хүссэнээрээ гадна тохижилтоо хийх боломжийг олгож бай” хэмээн зөвлөсөн. Түүгээр ч зогсохгүй “Бөөр, бөөрөөрөө наалдсан ямар ч төлөвлөлтгүй, өөрсдийн шийдлээ захиалагчдадаа тулгасан хаус хорооллууд өнөөдрийн үзэсгэлэнд мэр сэр харагдаж байна” гэх шүүмжлэлийг ч хэлээд амжсан.

Туршлагатай архитектор эрхмийн хэлснийг санагалзан “Хайрын хот” төслийн реалторуудаас энэ талаар тодруулахад “Хайрын хот” төслийн нэг давуу тал нь хаус тус бүр өөрсдийн эзэмшлийн эдэлбэр газартай. Тухайн газартаа захиалагч тоглоомын талбай байгуулах, эсвэл автомашин тавих эсэх нь хувь хүний сонголт. Бидний зүгээс тухайн хүслийнх нь дагуу туслан гүйцэтгэгч компанитайгаа холбож өгнө. Мөн хаус тус бүрийг тусгаарлах хайс, хашааг ногоон байгууламж, бут сөөгөөрөө шийдэхээр төлөвлөж байгаа” гэж хариулсан юм. Харин хаус хоорондын зайны хувьд нарны урсгалыг тооцоолсон шийдэлтэй бөгөөд нэгнээ халхлахгүй байхаар төлөвлөгдсөн ажээ.

Б.Батжав архитекторын илт­гэлийн араас “Хаус хотхоны төлөв­лөлт, чиг хандлага” хэлэлцүүлэг өрнөв. Тус хэлэлцүүлэгт хэд хэдэн онц­лох санаа яригдсаны заримыг “Хай­рын хот” төслөөр жишээлэн дор өгүүлье.

 

“БАЙГАЛИЙН УНАГАН ӨГӨГДӨЛ БОЛ ХАУСНЫ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ”

 

ТӨЛӨВЛӨЛТ: Хаус хотхоны хамгийн том давуу тал нь байгалийн унаган өгөгдлийг өдөр бүр харахад оршдог. Гэтэл манай улсад хэрэгжиж буй хаус төслүүд дэд бүтэц шийдэхэд хүндрэлтэй, уулын орой дээр, хамгийн хэрэгтэй зүйл болох модыг тайраад, байгалийн үзэмжээ хаасан байдлаар төлөвлөгдөж байгаа талаар “Хаус экспо”-ийн панелистууд шүүмжлэл өрнүүлэв. Хаус төслүүд хөгжсөн орнууд, жишээлбэл Швейцарт хаус хөгжлийн бодлого гэж байдаг бөгөөд ямар ч хаусны бүтээн байгуулалт Альфийн нуруугаа хаах ёсгүй, тухайн бүс нутгийн иргэд хаанаас ч Альфийн нуруугаа харах ёстой гэх шаардлагыг төсөл хэрэгжүүлэгчдэдээ тавьдаг байна. Өөрөөр хэлбэл, Яармагийнхан “Богд” уулаа харж байх ёстой гэх санаатай ижил юм.

Харин “Хайрын хот” төсөл хэрэгжих талбайн хувьд уулын энгэр, наран ээвэр газрыг сонгосноос гадна ногоон байгууламжийг сүйтгэх бус 300 мянган га-д шинээр барьж, байгуулах юм. Мөн хаус тус бүрийн хоорондын зай олон улсын стандартад нийцэхээс гадна нэг давхар степпе, хоёр давхар нордик загвараар барьж байгуулах учраас байгалийн унаган төрхийг өдөр бүр харахад ямар нэгэн саад учрахгүй байхаар төлөвлөжээ.

Түүнчлэн шинээр барьж байгуулах ногоон байгууламжаа гүний цэвэр усаар бус дахин боловсруулсан саарал усаар тарьж, ургуулах юм байна. Энэ нь хэлэлцүүлэгт яригдсан ус, цахилгааны хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг асуудлын гаргалгаатай бүрэн нийцэж байсан юм. Үүнээс гадна “Хайрын хот” төсөл төвлөрсөн дэд бүтэцтэй байх бөгөөд шал, хананы хосолсон халаалттай байх аж. Харин цэвэр усыг 2023 ондоо багтаан төвийн цэвэр усны байгууламжтай холбохоор төлөвлөөд байгаа бол бохирын асуудлыг долоон км-т байх Нисэхийн цэвэрлэх байгууламжтай холбосон хоолойгоор шийдвэрлэхээр болжээ. Хотхоны орц, гарцны хувьд гурав байхаар төлөвлөсөн байна.

ХУДАЛДАН АВАГЧ: Хэлэлцүүлгийн үеэр яригдсан бас нэгэн сонирхолтой сэдэв нь “Хаусыг хэн худалдан авч байна вэ” гэх судалгаа байлаа. Судалгаанаас харахад “Хувийн орон зайгаа эдлэхийг хүссэн хүмүүс” хаусыг илүүтэй сонгох болсон байна. Үүнээс гадна таваас дээш жил хауст амьдарсан, хаусны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй, давуу болон сул талыг нь ялгадаг болсон хүмүүс хаусаа сайжруулах зорилгоор сонирхох нь ихэсжээ. Мөн хөршөө худалдан авах боломжийг хайж, хаусыг сонгож байна гэх судалгааны үр дүн гарсан байна.

Тэгвэл “Хайрын хот” хаус хорооллын төсөлд дээрх асуудлыг хэрхэн тусгасан талаар реалтор М.Хангалаас тодруулахад “Хайрын хотын танилцуулга дээр хаусаа сайжруулах сонирхолтой, хөршийнхөө хамт ирж захиалга өгч байгаа хүмүүс их байна. Учир нь “Хайрын хот”-ын хауснууд ах дүү, найз нөхөд, аав ээжтэйгээ хөршлөн амьдрах боломжийг олгох 62.38 мкв-аас 86.45 мкв хүртэлх сонголттой, нордик  болон степпе загварын твин хаус, 80 мкв нордик загварын таун хаус, 84.8 мкв-аас 147.44 мкв нордик, степпе загварын сингл хаусуудыг захиалагчдадаа санал болгож байгаа. Үүнээс гадна 26.03 мкв-98.4 мкв хүртэлх хэмжээтэй нордик загварын мульти хаусыг захиалагчдадаа санал болгосон.

Мөн “Хайрын хот”-ын бусад давуу талаас шалтгаалан захиалга өгч буй хүмүүс ч байна. Тухайлбал, “Хайрын хот” хаус хороолол нь сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллага, зочид буудал, кино театр, спорт комплекс зэрэг нийгэм, соёлын газруудыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн нь захиалагчдын анхаарлыг мөн татаж байна. Эдгээрээс гадна иргэд 2500 авто машины зогсоолтой гэдэгт сайшаалтай хандаж байгаа. Түүнчлэн нээл­тийн урамшуулал зарлаж, үнээ хямдруулсан байгаа нь хаус хороололд амьдрахаар шийдсэн залуу гэр бүл, ахмад настнуудад давуу тал болж байна” гэж ярилаа.

ЗАГВАР: Дэлхий нийтээрээ хэт их хээ хуар, чимэглэл, хурц тод өнгөнөөс татгалзаад буй. Тэгвэл монголчуудын хувьд ч ялгаагүй орчин үеийн интерьер дизайн, минималист хэв маягийг илүүтэй сонирхох болжээ. “Хайрын хот” хаус хорооллын хувьд яг тэрхүү сонирхолд тулгуурлан дэлхийн нийтэд хамгийн их хэрэглэгдэж буй нордик, степпе загварыг сонгон, дотоод заслаа хэтэрхий хээнцэр ганган бус, хэрэглэгчид тааламжтай байх үүднээс энгийн бөгөөд чанартай хийхээр төлөвлөж байгаа аж. Байгальд, хэрэглэгчид ээлтэй байх үүднээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БНСУ, БНТУ-ын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашиглахаар гэрээ, хэлцэл байгуулаад байгаа гэнэ.

Тус төслийнхөн “Өнөө үед хүмүүс хэн нэгнээс илүү гарах гэж бус эрүүл амьдрахын төлөө тэмцдэг болсон” хэмээн онцолж байсан. 100 жилийн дараа ч үнээ үл алдах, үл хуучрах хаус хорооллууд нь тансаг хэрэглээ бус олон нийтийн сонголт болох зам луугаа аль хэдийн орсон нь өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Хаус экспо-2022” арга хэмжээнээс харагдаж байв.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ах дүүс найз нөхдийн найрсаг харилцааг эрхэмлэдэг монголчуудын хувьд ч хаус хороолол хэрэглээ, ая тух, эрх чөлөөг мэдрүүлэх амьдралын нэг хэв маяг болж буй нь илт.

“Хаус экспо”-г зорин ирсэн Б.Отгончимэгээс залуу гэр бүлийн хувьд хаус хорооллуудад ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад “Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгтэй эсэхийг асууж байна. Тэр дундаа Улсын сургууль, цэцэрлэг байвал сайн. Учир нь бидэн шиг залуу гэр бүлүүд ямар нэгэн зээлээр л хаус авах сонирхолтой байгаа. Тиймээс сарын хүү нь дээр сургалтын төлбөрийн дарамт ирдэггүй байвал сайн байна. Үүнээс гадна байгальд ээлтэй эко, ус цахилгааны хэмнэлттэй, метр квадратын хувьд өргөн сонголттой байвал зүгээр. Залуу гэр бүлүүдэд хэтэрхий том м.кв-тай хаус, өртөг тал дээрээ өндөр гарна гэж бодож байна. Мөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагууд нэг дороо байх нь чухал. Хамгийн гол үзүүлэлт нь хүүхэд аюулгүй, тоглоомын талбайтай байхыг онцолж байгаа. Орж ирснээсээ хойш нэлээд төсөлтэй танилцлаа.

Үнийн хувьд хямд, лизингийн нөхцөл нь уян хатан, яг бидний хэрэгцээ шаардлагыг хангах хоёр төсөл дээр эргэлзэж яваад “Хайрын хот” төслийг сонгох шийдвэрийг гаргаад ирж байна. Нөхрийн маань хувьд барилга хийцлэл, байршил, газар зүйн онцлог талаас нь илүүтэй анхаарсан. Бидний хувьд орон сууцанд амьдардаг. Хажуу айлын чимээ шуугиан, хүүхдүүдийн чөлөөтэй байх орчин зэрэг олон асуудлаас зайлсхийж, амьдрах орчныхоо дараагийн сонголтоор хаус хорооллыг сонгож байна” гэлээ. Яг түүний ярьсанчлан цогц төлөвлөлт, ая тухтай байдал, цэвэр агаар, эрүүл бүсийг сонгох хүсэлтэй олон хүн “Шангрила” төвд зохион байгуулагдсан “Хаус экспо”-г амралтын өдрүүдэд зорин ирж, захиалгаа өгсөн юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот/ love city

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, Хөшигийн хөндий рүү явах хурдны зам дагуу

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Тэнгис" кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

“ЭРХЭТ МОНГОЛ” групп 

Эзний сэтгэлээр бүтээнэ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top