Франц улсад орон нутгийн цагаар 08.00 цагт /Улаанбаатарын цагаар 14.00/ ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах 70 мянга орчим байр нээгдлээ.
Тус улсын Үндэсний статистик, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэдээллээр, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Францын 48 сая иргэн санал өгнө.
Сонгуулийн эхний үе шатанд 12 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь удаа оролцож байгаа билээ. Түүний гол өрсөлдөгчийг “Үндэсний нэгдэл” намаас нэр дэвшигч Марин Ле Пен гэж ажиглагчид үзэж байна.
Эммануэль Макрон Ле Туке хотын захиргааны байранд саналаа өгөх гэнэ. Тэрбээр орон нутгийн цагаар 11.00-13.00 /Улаанбаатарын цагаар 17.00-19.00/ цагийн хооронд санал хураах байранд саналаа өгөөд, Парис хотод хүрэлцэн ирж, Елисейн ордноос санал тоолох явцыг ажиглахаар төлөвлөж байна.
Марин Ле Пен Энен Бомон хотод саналаа өгөх юм. 2007 оноос хойш тус хотод амьдарч буй Марин Ле Пен таван жилийн өмнө энэ тойргоос парламентад сонгогдож байжээ.
Коронавирусний цар тахалтай холбогдуулан сонгогчдод амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Түүнчлэн, санал хураах байруудыг тогтмол агааржуулах, сандал, ширээ, санал өгөх кабиныг халдваргүйжүүлэх арга хэмжээ авах аж.
Сонгуулийн санал хураалтын байрууд 20.00 цаг хүртэл ажиллах ба урьдчилсан дүн шөнө дунд гэхэд гарна.
Шийдвэрлэх санал хураалт буюу сонгуулийн хоёрдугаар үе шат хоёр долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 24-нд болно.
Сэтгэгдэл ( 2 )
Еврод дургүй байлаа ч рубльд дуртай гэсэн үг биш шүү дээ, хахаха, гэнэн байна шүү аравхан минь, Трампыг ялахад оросууд шампанск буудуулж араас нь архи гударч баярлацгаасан гэдэг, уг нь хэн гэдэг хүн аль улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос үл хамааран эвтэй найртай, харилцан ашигтай, дотооддоо ардчилалтай, хуулийн дагуу сонгуулиар сонгогдсон, хэмжээ хязгаартай ээлжлэн солигддог, хэн нэгэн хүн насаараа дарангуйлагч болохооргүй төрийн бүтэцтэй, түүнийгээ дагаад хөгжил цэцэглэлтэй, хүний эрхийг хамгаалдаг л байвал болчих юм шд ээ, бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болох вий.
МАРИН ЛЕ ПЕН ЯЛНАА! ЛЕ ПЕН ЕВРОД ДУРГҮЙ!